Номхон далайн өмнөд хэсгийн Тонга улсын Хунга-Тонга-Хунга-Хаапай галт уулын дэлбэрэлт нь дэлхийн хоёрдугаар дайны үед АНУ-ын Хирошимад хаясан атомын бөмбөгийн дэлбэрэлтээс хэдэн зуу дахин хүчтэй байсан гэж "НАСА" агентлаг мэдэгджээ.
Энэхүү дэлбэрэлтийн улмаас галт уулын хэлтэрхийнүүд агаар мандалд 40 километрийн өндөрт хөөрсөн бөгөөд 15 метр хүртэлх өндөртэй цунами үүссэн юм. Мөн галт уулын үнсэн үүл тус улсын 170 орчим арлыг бүхэлд нь хамарч, нийт 100 мянга гаруй хүн амд нь нөлөөлж байгаа билээ.
"НАСА"-гийн эрдэмтдийн мэдээлснээр, уг хүчтэй дэлбэрэлт галт уулын арлыг "сүйтгэн", хоёр хэсэг болгон хуваажээ.
Тус байгалийн гамшгийн дараа Тонгагийн усны эх үүсвэрүүд зузаан үнсэн бүрхэвчээр бохирдож, иргэд ундны усны хомстолд орох эрсдэл үүсээд байна. Түүнчлэн, нарийн ширхэгтэй үнс болон хий нь хүний эрүүл мэндэд аюултай бөгөөд амьсгалахад хүндрэл учруулж, зүрх судасны системд нөлөөлөн, уушги, нүд, арьсыг цочроож болзошгүй юм.
Нутгийн иргэд арлын цорын ганц нисэх онгоцны буудлын газардах зурвасыг үнс нурмаас цэвэрлэж чадсаны дараа одоо гадаадын тусламж ачсан онгоцнууд Тонгад ар араасаа ирж байгаа билээ.
Эх сурвалж: BBC, CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.