Сүхбаатар аймгийн мэргэжлийн хяналтын газрыг 2019 оноос хойш түр орлон гүйцэтгэгч нар удирдаж байна. Энэ хугацаанд тус аймгийн мэргэжлийн хяналтын газрын ажил үүргийг М.Өлзиймөнх гэдэг хүн удирдаж явсан ч санхүүгийн хэрэг зөрчлөөс үүдэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас түүнийг ажлаас чөлөөлжээ. Түүний оронд мэргэжлийн хяналтын байгууллагад огт ажиллаж байгаагүй хүнээр тус байгууллагыг удирдуулах болсон байна.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2021 оны тавдугаар сард Сүхбаатар аймгийн мэргэжлийн хяналтын газрын даргын түр орлон гүйцэтгэгч М.Өлзиймөнхийг чөлөөлж, О.Балжиннямыг томилсон юм. Шинээр томилогдсон О.Балжиннямын хувьд мэргэжлийн хяналтын байгууллагад ажиллаж байгаагүй, төрийн албаны шалгалт өгөөгүйгээс гадна нь ажлаа авсан хугацаанд 20 орчим хүнийг ажлаас халсан хэмээн Сүхбаатар аймгийн МХГ-ын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан М.Өлзиймөнх өдрийн сонинд ярилцлага өгчээ. Тэгвэл уг асуудлаар Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын үүрэг гүйцэтгэгч О.Балжиннямтай утсаар холбогдож тодрууллаа.
Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын үүрэг гүйцэтгэгч О.Балжинням:
-Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хувьд ойрын хэдэн жил ажил нь ахицтай явахгүй, ажилчдаас нь хэл ам гарсан тул МХЕГ-аас дотроос нь хүн томилох боломжгүй тул гаднаас төрийн албанд ажиллаж байсан туршлагатай хэмээн намайг томилсон. Миний хувьд Удирдах албаны менежерээр сургууль дүүргэсэн, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан туршлагатай. 2021 оны тавдугаар сард ажлаа авахад төрийн албаны шалгалт өгөх боломжгүй байсан тул нөхөж өгч, төрийн албаны шалгалтандаа тэнцсэн байгаа.
МХГ-ыг заавал мэргэжлийн хяналтад ажиллаж байсан хүн удирдана гэж хуульд заагаагүй. Дотроосоо томилогдох боломжгүй бол гаднаас томилж болно гэж заасны дагуу намайг томилсон гэж үзэж байгаа.
-Өмнөх дарга М.Өлзиймөнхийнх ажлаас дарамталж, гаргасан гэсэн. Ямар учир шалтгаанаар ажлаас нь чөлөөлсөн юм бол?
-Ажлаа хүлээн аваад М.Өлзиймөнхтэй хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн. Гэвч намайг ажил авсны дараа ажлаа ч хийхгүй хэл ам гаргах болсон. Аймгийн Аудитын газраас манай байгууллагыг дотоод хяналт шалгалт явуулах хэрэгтэй гэсэн. Энэ дагуу дотоод хяналт шалгалтыг явуулахад М.Өлзиймөнх Сүхбаатар аймгийн МХГ-ыг 60 гаруй сая төгрөгийн санхүүгийн зөрчил гаргасан нь тогтоогдсон. Түүнчлэн байцаагч нарыг “барьцаалан” өөрт ашигтай байдлаар байгууллагыг хохироодог байсан нь тогтоогдсон. Ингээд дотоод хяналт шалгалтын албанаас уг хүнд хариуцлага тооцохыг үүрэг болгосон. Өөрөөс нь хяналт шалгалтаар тогтоогдсон хэргийн талаар тодруулахад “Би хийсэн нь үнэн. Миний буруу биш” гэх зүйл ярьсан. Ингээд миний хувьд АТГ шалгуулахаар өгсөн. Харин өөрөө бол албан тушаалаа авч үлдэхийн тулд шүүхийн байгууллагад хандаад байгаа юм. Энэ хэргийн талаар МХЕГ-аас шүүхийн шийдвэр гартал ямар нэгэн хариу тайлбар өгөхгүй гэж мэдэгдээд байгаа.
-Таныг ажлаа хүлээн авснаас хойш 20 орчим хүнийг ажлаас халсан гэсэн. Энэ талаар?
-Намайг ажлаа хүлээн авснаас хойш албан ёсоор ажлаас халагдсан хүн бол М.Өлзиймөнх өөрөө. Түүний хувьд ажиллаж байхдаа авсан 3-4 хүн өөрийн хүсэлтээр ажлаас гарсан. Түүнээс биш 20 орчим хүнийг ажлаас халж, ажилд авсан зүйл байхгүй. Харин ч мэргэжлийн боловсон хүчинг ажиллуулах гээд ажиллах хүн хөдөө орон нутагт олдохгүй байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.