"Омикрон" хувилбарын нөлөөгөөр коронавирусийн халдварын тархалт шинэ үе шатанд шилжсэн бөгөөд үүний улмаас Европт цар тахал дуусгавар болж магадгүй гэж ДЭМБ-ын Европын салбарын дарга Ханс Клуге мэдэгджээ.
Түүний хэлснээр, ирэх 3 дугаар сар гэхэд европчуудын 60 хувь нь "Омикрон"-оор өвчилж болзошгүй бөгөөд тус бүс нутаг нь цар тахлын төгсгөл рүү чиглэж байгаа гэж үзэх үндэслэл байгаа аж.
Ханс Клуге "AFP" агентлагт өгсөн ярилцлагадаа "Европ даяар тархаж буй "Омикрон"-ы одоогийн өсөлт намжихад дэлхий даяар хэдэн долоо хоног, сарын турш цар тахлын эсрэг дархлаа бий болно. Энэ нь халдвар авсан хүмүүст тогтсон дархлаа болон вакцинжуулалт, мөн улирлын шинж чанар буурч байгаатай холбоотой. Оны эцэс гэхэд коронавирус буцаж ирнэ гэж бид таамаглаж байгаа ч энэ нь цар тахал эргэн дэгдэнэ гэсэн үг биш" хэмээн тайлбарлажээ.
Өөрөөр хэлбэл, "Омикрон"-ы дэгдэлтийн үр дүнд коронавирус нь цар тахал байхаа больж, улирлын томуутай адил эндемик өвчин болж хувирна гэх итгэл найдварыг төрүүлж байгаа юм.
Гэхдээ коронавирусийг эндемик гэж үзэхэд эрт байгааг ноён Клуге анхааруулжээ. Тэрээр "Урьдчилан таамаглах боломжтой өвчнийг эндемик гэж ангилдаг. Гэвч энэ вирус биднийг нэг бус удаа гайхшируулсан тул бид маш болгоомжтой байх хэрэгтэй. "Омикрон" хувилбар хэт өргөн тархаж байгаа тул бусад хувилбар ч гарч ирж магадгүй" хэмээн тэмдэглэсэн байна.
Одоогийн байдлаар дэлхий даяар цар тахлын улмаас бараг 5.6 сая хүн амиа алдсаны 1.7 сая нь Европын оршин суугчид байсан юм.
Эх сурвалж: AFP
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.