Арменийн Ерөнхийлөгч Армен Саркисян огцрох болсноо өнгөрөгч ням гарагт мэдэгджээ. Түүний хэлснээр, Ерөнхийлөгчийн албан тушаал нь тус улсын хүнд хэцүү нөхцөл байдлыг засахад хангалттай эрх мэдэл, нөлөөлөлгүй аж.
Ноён Саркисяны нийтэлсэн мэдэгдэлд "Энэ бол сэтгэл хөдлөлөөс үүдэлтэй шийдвэр биш, харин тодорхой логиктой. Манай улсын Ерөнхийлөгч дотоод болон гадаад бодлогын чухал асуудалд нөлөөлөх хэрэгсэлгүй. Улс даяараа эв нэгдлээр дутагдаж байгаа энэ хүнд хэцүү үед Ерөнхийлөгчийн байр суурь нь нийгмийн анхаарлыг томоохон асуудлуудаас сарниулах хэрэгсэл байж болохгүй. Төрийн тэргүүн нь дайн, энх тайвантай холбоотой асуудалд нөлөөлж чадахгүй, улс үндэстэн, төрд ашиггүй хуулиудад хориг тавих боломжгүй хачирхалтай бодит байдалд бид амьдарч байна" хэмээн бичжээ.
Арменийн Үндсэн хуульд 2015 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр тус улс нь хагас Ерөнхийлөгчийн засаглалаас Парламентын засаглалд шилжсэн байна. Үүний хүрээнд, Үндэсний ассамблейн зүгээс Ерөнхийлөгчийг долоон жилийн хугацаатай сонгодог бөгөөд огцрохыг нь ч хүлээн зөвшөөрдөг аж.
Тус улсын төрийн тэргүүн нь Үндсэн хуулийг дагаж мөрдөхөд хяналт тавих, Үндэсний ассамблейн гишүүдийг сонгох, Засгийн газрын огцрох хүсэлтийг хүлээн авах зэрэг үүрэгтэй юм. Түүнчлэн Засгийн газар болон Ерөнхий сайдын саналын дагуу Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, Элчин сайдуудыг томилон, эгүүлэн татаж, олон улсын гэрээ хэлэлцээрт гарын үсэг зуран, эсвэл цуцалж, мөн иргэний харьяалал, өршөөлийн асуудлыг шийдвэрлэдэг байна.
Эх сурвалж: TASS
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.