Бельги-Британийн иргэн Зара Рутерфорд ганцаараа дэлхийг тойрон ниссэн хамгийн залуу эмэгтэй болж, Гиннесийн шинэ дээд амжилт тогтоожээ.
19 настай Рутерфорд таван сарын дотор 52,000 км замыг туулсан бөгөөд таван тивийн 31 оронд газардсан аж. Энэхүү урт аяллынхаа төсгөлд тэрээр Бельгийн Кортрийк-Велгем нисэх онгоцны буудалд өнгөрөгч пүрэв гарагт буусан байна. Ийнхүү тэрээр хэт хөнгөн агаарын хөлгөөр дэлхийг ганцаараа тойрон ниссэн анхны эмэгтэй, мөн дэлхийг ганцаараа тойрон ниссэн анхны бельги хүн болжээ.
Рутерфорд сэтгүүлч нартай сэтгэгдлээ хуваалцахдаа "Энэ үнэхээр галзуу явдал. Би одоо ч бүрэн итгэж чадахгүй байна. Миний аялал гайхалтай мөчүүдээр дүүрэн байсан ч амь насаа алдахаас айж байсан үе ч бий. Хамгийн хэцүү нь Сибирийн дээгүүр нисэх явдал байсан. Учир нь, тэнд маш хүйтэн байсан бөгөөд агаарын температур хасах 35 хэмд хүрсэн. Хэрэв хөдөлгүүр маань зогсвол би эзгүй зэлүүд газар хэдэн цагийн турш аврах ажиллагааг хүлээх хэрэгтэй болох байсан" хэмээн ярьсан юм.
Зарагийн эцэг, эх нь мөн нисгэгчид бөгөөд тэрээр 14 настайдаа нисэж сурснаасаа хойш дэлхийг тойрон аялахыг мөрөөдөж эхэлсэн аж. Ингээд тэрээр өнгөрсөн оны 8 дугаар сарын 18-нд "Shark Aero" загварын хэт хөнгөн онгоцоороо хөөрсөн ба шөнийн цагаар, эсвэл үүлэн дундуур нисэж чадахгүй учир зөвхөн цэлмэг цаг агаараар нисэн, аяллаа амжилттай дуусгасан байна.
Одоо Бельгид буцаж ирсэн Зара Рутерфорд цахилгааны инженерийн чиглэлээр суралцахаар төлөвлөж байгаа бөгөөд сансрын нисгэгч болох мөрөөдөл тээж байгаа гэнэ.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.