Кенийн хойд хэсэгт орших Самбуругийн дархан цаазат газарт энэ долоо хоногт зааны ихэр тугал мэндэлсэн байна. Үүнээс өмнө, тус бүс нутагт ердөө ганцхан ийм тохиолдол бүртгэгдэж байжээ.
Орон нутгийн байгаль хамгаалах байгууллагын мэдээлснээр, зааны ихэр тугал нь нийт төрөлтийн дөнгөж нэг хувийг эзэлдэг бөгөөд хамгийн сүүлд 2006 онд ийм явдал бүртгэгдсэн аж. Гэвч 15 жилийн өмнө мэндэлсэн ихэр тугал нь төрөөд удалгүй үхжээ. Ихэнх тохиолдолд, эх заанд хоёр тугал тэжээх хангалттай сүү байдаггүй тул одоо бяцхан тугалуудын хувьд эгзэгтэй үе гэж байгаль хамгаалагчид онцолж байгаа юм.
Зааны амьдрах орчин хүний нөлөөллийн улмаас алдагдаж, соёо нь үнэд хүрэх тусам эдгээр амьтдын тоо толгой буурч, тэднийг Олон улсын байгаль хамгаалах холбооны Нэн ховордсон амьтдын жагсаалтад оруулахад хүргэсэн билээ. Гэсэн хэдий ч Кенид өнгөрсөн онд нийтлэгдсэн зэрлэг ан амьтдын тооллогын дагуу, сүүлийн жилүүдэд тус улсад зааны тоо толгой өссөн байна.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.