Австри улсын эрх баригчид коронавирусийн эсрэг дархлаажуулалтын түвшнийг нэмэгдүүлэхийн тулд вакцин тариулсан хүмүүсийн дунд 500 еврогийн шагналтай сугалаа зохион байгуулахаар шийджээ.
Канцлер Карл Нехаммерын Засгийн газар энэхүү "Вакцинжуулалтын сугалаа"-ны хөтөлбөрийг ирэх 3 дугаар сарын 15-аас энэ оны эцэс хүртэл үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд ойролцоогоор 1.4 тэрбум еврогийн зардлаар гүйцэтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Уг хөтөлбөрийн дагуу, Австрийн иргэд вакцинд хамрагдах бүртээ нэг тасалбар авах бөгөөд өмнө нь тариулсан тунгийн тоогоо ч бүртгүүлж болох аж. Албаныхны тооцоолж байгаагаар, энэхүү сугалааны 10 тасалбар тутмын нэг нь 500 еврогийн ваучер хожих бөгөөд үүнийг дэлгүүр, ресторан, аялал жуулчлал, соёл урлаг, спортын арга хэмжээнүүдэд ашиглаж болох гэнэ.
Үүний зэрэгцээ, тус улсын Парламентын доод танхим насанд хүрсэн бүх иргэнийг зайлшгүй вакцинжуулалтад хамруулах хуулийг дэмжсэн бөгөөд татгалзсан хүмүүст 3,600 евро хүртэлх торгуулийг ногдуулах юм. Гэхдээ энэхүү шаардлага нь жирэмсэн эмэгтэйчүүд болон эрүүл мэндийн шалтгаанаар вакцин тариулах боломжгүй иргэдэд хамаарахгүй аж.
Одоогийн байдлаар Австрийн нийт хүн амын 72 орчим хувь нь цар тахлын эсрэг дархлаажуулалтад бүрэн хамрагдсан бөгөөд энэ нь баруун Европ дахь хамгийн бага үзүүлэлтүүдийн нэг юм.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.