Зам, тээврийн хөгжлийн яам болон Гаалийн ерөнхий газар, Авто тээврийн үндэсний төв зэрэг холбогдох байгууллагууд хамтран долоо хоногийн Мягмар, Баасан гарагт хилийн боомтуудын нөхцөл байдлын талаар танилцуулж байгаа. Ээлжит мэдээллийг та бүхэнд хүргэе.
ЗТХЯ-ны Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Гантулга:
-Эрээн-Замын-Үүд автозамын боомт нээгдсэнээс хойш арав хоног болж байна. Өнөөдрийн байдлаар улсын хилээр 418 тээврийн хэрэгслээр 549 чингэлгээр 9157 мянган тонн ачааг нэвтрүүлсэн байна. Эрээн-Замын-Үүд боомтын үйл ажиллагаа зүгширч, ерөнхийдөө хэвийн байдалдаа орох хандлагатай болсон.
Шадар сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхбаатар:
-Ажлын хэсэг өдөр бүр хуралдаж, үүрэг, чиглэлийг өгч байгаа. Замын-Үүдэд байгаа олон мянган жолооч нар хэрхэн ажиллах вэ гэдэг талаар асуудаг. Дундын тээвэрлэлтэд жолооч нарт хүндэтгэлтэй хандана гэдгээ илэрхийлсэн. Замын-Үүдээс хот руу тээвэрлэх ажилд жолооч нар оролцох боломжтой.
Ачааны машинууд зөвхөн Замын-Үүдэд төвлөрч бараа татах биш, Алтанбулаг болон бусад баруун хилээр дамжуулаад Евразийн улсууд руу тээвэрлэлт хийх боломжуудыг хайж ажиллаж байна.
АТҮТ-ийн ачаа тээврийн хэлтсийн дарга О.Энхбат:
-Эрээний гаалийн хяналтын талбайгаас тэг цэг хүртэлх тариф 4040 юаниар тогтоосон. Энэ нь монгол мөнгөөр 1.8 сая орчим. Эрээнээс Замын-Үүд хүртэлх нэг тээвэрлэлтэд хоёр сая орчим төгрөг зарцуулж байна. Харин Замын-Үүдээс Улаанбаатар хүртэл жолооч нар үнэ хөлсөө тохироод явж байна. Тэгэхээр авто тээврийн дундаж ханш таван сая орчим байгаа.
БНХАУ-аас авто замын найман боомтоор бараа бүтээгдэхүүний экспорт импортын үйл ажиллагааг хийдэг. Замын-Үүд боомтоос импортын бараа бүтээгдэхүүнийг 60 орчим чингэлгээр авч байна. Ханги-Мандалын боомтоор нүүрс болон төмрийн хүдрийг 50-60 орчим тээврийн хэрэгслээр экспортолж байна. Харин Гашуунсухайт боомтоор давхар чиргүүлтэй тээврийн хэрэгслээр нүүрс зэсийн баяжмал гарч байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.