АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены Засгийн газар "N95" төрлийн 400 сая амны хаалтыг иргэдэд үнэ төлбөргүй тараана гэж өнгөрөгч лхагва гарагт мэдэгджээ.
Тус улс даяар хурдацтай тархаж байгаа "Омикрон" хувилбарын дэгдэлтийг хяналтдаа оруулахын тулд Байдены засаг захиргаа ийм шийдэлд хүрсэн байна. Мөн үүнээс өмнө, гэрийн нөхцөлд ашиглаж болох коронавирусийн оношлуурыг үнэгүй түгээх талаар мэдэгдсэн билээ.
Эдгээр амны хаалтыг АНУ-ын Стратегийн үндэсний нөөцөөс хангах бөгөөд түгээлтийг ирэх 2 дугаар сарын эхээр бүрэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж. Цагаан ордноос мэдээлснээр, амны хаалтуудыг орон даяарх эмийн сан болон эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан түгээх бөгөөд насанд хүрэгчид тус бүр гурван амны хаалт авах боломжтой байна.
Олон давхар синтетик материалаар хийгдсэн "N95" амны хаалт нь хамар, амны эргэн тойрныг маш сайн битүүмжилдэг бөгөөд коронавирусийн эсрэг хамгийн дээд түвшний хамгаалалтыг олгоно гэж эрүүл мэндийн мэргэжилтнүүд үзэж байгаа юм.
Эх сурвалж: UPI
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.