Казахстаны эрх баригчид өнгөрөгч лхагва гарагт Алматы хотын төвийн харуул хамгаалалтыг дахин чангатгаж, хэв журам сахиулах зорилгоор нэмэлт хүч илгээжээ. Үүнээс хойш, хотын удирдлагуудын байрны хажууд цагдаагийн хэд хэдэн машин, автобус зогсох болсныг орон нутгийн эх сурвалж мэдээлсэн байна.
Одоогийн байдлаар Алматыд нөхцөл байдал тайван байгаа хэдий ч Хотын захиргааны байрны ойролцоо олон тооны цагдаа, Үндэсний банкны урд галт зэвсэгтэй шүхэрт десантын цэргүүдийг байрлуулсан аж. Мөн ойролцоох талбайн хэсэгт автомашин болон явган хүний хөдөлгөөнийг хориглосон бөгөөд сум нэвтэрдэггүй хантааз өмсөж, бороохойгоор зэвсэглэсэн цагдаа нар талбайг хамгаалах болжээ.
Бүс нутгийн цагдаагийн хэлтэс терроризмын эсрэг үйл ажиллагаа явуулахын тулд зарим гудамжны хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсооно гэж мэдэгдсэн байна.
Тус улсад хууль дүрэм, дэг журам эргэн тогтсон гэж эрх баригчид мэдэгдээд байгаа бөгөөд ОХУ-ын энхийг сахиулагчдын сүүлчийн цэргүүд Казахстанаас Москвад буцаж ирснийг Оросын Батлан хамгаалах яам лхагва гарагт мэдээлсэн юм.
Эх сурвалж: TASS
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.