Чехийн ардын дуучин албаар коронавирусийн халдвар авсныхаа дараа нас барсан гэж түүний хүү "ВВС" агентлагт ярьжээ.
57 настай Хана Хорка нь вакцин тариулаагүй байсан бөгөөд нөхөр, хүү нь цар тахлаар өвчилсний дараа зориудаар тэдэнтэй ойр байж, халдвар авсан байна. Тэрээр олон нийтийн тодорхой газруудад нэвтрэхийн тулд коронавирусээр өвчлөөд, эдгэрсний үнэмлэх авахын тулд ийм үйлдэл хийсэн аж.
Чехийн хамгийн алдартай ардын хамтлагуудын нэг "Asonance"-ын гишүүн байсан Хорка олон нийтийн сүлжээндээ "Миний шинжилгээний хариу "Эерэг" гарсан бөгөөд биеийн байдал дээрдэж байна. Одоо театр, саун, концертын танхимд орж болох нь" хэмээн бичсэн хэдий ч үүнээс хоёр хоногийн дараа нас баржээ.
Хэдий Хана Хорка вакцинд хамрагдаагүй байсан ч зарим хүмүүсийн адил аливаа онолд итгэдэггүй байсныг нь түүний хүү тэмдэглэсэн юм. Тэрээр "Ээж маань вакцин тариулахаас илүүтэй коронавирусээр өвчлөх нь илүү сайн үр дүнтэй гэж үздэг байсан. Харин микрочип зэрэг зүйлд итгэдэггүй байсан" гэж ярьжээ.
БНЧУ-д кино театр, баар, кафе зэрэг нийгэм, соёлын олон газарт нэвтрэхийн тулд вакцинд хамрагдсан, эсвэл саяхан цар тахлаар өвчлөөд, эдгэрснийг батлах үнэмлэх шаардлагатай юм. Тус улсад өнгөрөгч лхагва гарагт халдварын 28,469 шинэ тохиолдол батлагдаж, нэг өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.