СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2022-01-19

Ц.Билэгтсайхан: Нийт тохиолдлын 90 хувьд Омикрон хувилбар илэрч байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

КОВИД-19 халдварын Омикрон хувилбарын тархалтын талаар өнөөдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлэл өглөө.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан:

-Өдөр бүртгэгдэх тохиолдлын тоо 2000-3000-д хүрч байна. Энэ нь оны өмнөх үеэс дөрөв дахин ихэссэн үзүүлэлттэй байна. ХӨСҮТ нь 11,12-р сард эрсдэлд суурилсан хариу арга хэмжээ, хилийн зөөвөрлөгдсөн тохиолдлуудыг илрүүлэх тал дээр ажиллаж байсан бол одоо дотоодын халдвар ихэссэнтэй холбоотойгоор илүү эрсдэл бүхий хүн амд чиглэсэн тандалтын арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. .

Мөн дэлгүүр, эрүүл мэндийн байгууллага, эмийн сан, томоохон худалдааны төвүүдээс халдвар авч, ойрын хавьтал болсон нь 60 гаруй хувьтай гэсэн тандалтын мэдээлэл байна. Иймд иргэд халдвар хамгааллын дэглэмээ ягштал баримталж, N95, мэс заслын нэг удаагийн чанарын шаардлага хангасан амны хаалт хэрэглэх шаардлагатай байна. Түүнчлэн гэр бүл, ажлын газраасаа халдвар авах нь их байгаа тул өмнө нь мөрдөөд сурсан хүн хоорондын зайгаа баримтлах хэрэгтэй. УОК, ЭМЯ-ны ажлын хэсэг хурлаа байнга хийж байна. Эрсдэлийн үнэлгээ,тооцооллоо гаргаж хариу арга хэмжээний төлөвлөгөөгөө хүргэсэн байгаа.

.  Энэ үеэр уламжлалт цагаан сар давхцаж байна, мөн ЕБС-ийн улирлын амралт дуусна. Энэ бүхэн дээр бид тооцоо судалгаа өгсөн, бусад салбар зөвлөлүүдийн тооцоо судалгааг үндэслээд УОК шийдвэрээ гаргах байх. Дараагийн асуудал нь манай ХӨСҮТ-д хувилбарын тандалтын шинжилгээ хийгддэг. Ямар төрлийн вирусээр үүсгэгдэж байгаа, энэ вирусийн тархалт хэдэн хувь вэ гэдгийг тодорхойлдог.

Оны өмнөх шинжилгээгээр нийт тохиолдолын 1-3 хувь нь омикрон хувилбарын тархалт байсан бол оны гараад эхний долоо хоногт 40-50 болж өсчээ. Хоёр дахь долоо хоногт 60-70 болж ихэссэн бол энэ долоо хоногт омикроны тархалт 90 хувьд хүрчээ.

PCR болон бүрэн геномийн дараалал тогтоох  шинжилгээгээр энэ хувь тоог баталгаажуулж явдаг байгаа. Манай ХӨСҮТ-өөс хичээлийн сургуулийг хойшлуулах хүсэлт хүргүүлээгүй байна. Хаах, хойшлуулах гэдэг нь хамгийн эцсийн арга хэлбэр, бид цахимаар хичээллэх нь зүйтэй гэдэг саналаа хүргүүлсэн. ХӨСҮТ дельта хувилбарын оргил ачааллын үед 400 гаруй ор дэлгэж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байсан. Омикрон хувилбарын улмаас тухайн үеийн ачаалалтай дүйцэхүүц ачааллыг аваад эхэлсэн. ХӨСҮТ-ийн зүгээс Цагаан сараар гэр гэртээ л золгох, ах дүү нартайгаа цахимаар, гар утсаар холбогдон мэндчилгээ дэвшүүлэхийг уриалж байна.

ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Ц.Чинбаяр:

-Омикрон хувилбартай холбоотойгоор эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаа хүмүүсийн эмнэлзүйн илрэл болоод эмнэлзүйн байдлын талаар мэдээллийг хүргэе. Нийт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн 30 орчим хувь хөнгөн хэлбэрээр, 60 орчим хувь нь хүндэвтэр, 10 хувь нь хүнд, 0.7 хувь нь нэн хүнд гэсэн ангиллаар хэвтэн эмчлүүлж байна. ХӨСҮТ–д өнөөдрийн байдлаар 395 хүн хэвтэн эмчлүүлж байна. Эдгээр иргэд нь эрэмбэлэн ангилаад эрсдэлтэй, хүнд болоод хүндрэх эрсдэл өндөр гэсэн хүмүүсийг хэвтэн эмчлүүлдэгээр онцлогтой. . Омикрон хувилбарын үед хуурай ханилгах, хоолой сэрвэгнэх, хамар битүүрэх эмнэлзүйн шинж тэмдэг илэрч байна. Зүрх судасны өвчтэй, чихрийн шинжин өвчтэй, уушигний архаг өвчтэй хүмүүст илүү хүндээр тусах магадлалтай байна гэдгийг нэмж хэлмээр байна. Мөн нийт халдвар авсан иргэдийн 21 хувийг хүүхдүүд эзэлж байгаагийн дотор 0-11 настай хүүхэд илүүтэй халдварт өртөж байна. Гэхдээ хүүхдэд хатгалгаа болж хүндэрч байгаа тохиолдол бага байна гэлээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.