БНХАУ-д өнгөрөгч даваа гарагт коронавирусийн халдварын 223 шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд энэ нь 2020 оны 3 дугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт аж.
"Бээжин-2022" өвлийн олимпын наадам эхлэхэд гуравхан долоо хоног үлдээд байгаа энэ үед тус улсын эрх баригчид халдварын дэгдэлтийг зогсоохоор цаг хугацаатай уралдаж байна.
Дэлхийн бусад улс орноос ялгаатай нь Хятад улс цар тахлын шинэ тохиолдлыг тэглэх хатуу бодлого баримталж байгаа хэдий ч сүүлийн долоо хоногт хэд хэдэн томоохон хотод халдварын голомт үүсээд байгаа юм. Эдгээрийн дунд, халдварлах өндөр чадвартай "Омикрон" хувилбарын тохиолдлууд ч бүртгэгджээ.
Олимпын наадамд оролцох тамирчид болон албаны хүмүүс эхнээсээ Бээжинд ирээд байгаа бөгөөд тэднийг бусад хүн амаас тусгаарлан, хатуу хяналттай бүсэд байрлуулж байгаа билээ. Гэвч өнгөрсөн амралтын өдрүүдэд Бээжинд "Омикрон"-ы тохиолдол илэрсний дараа эрх баригчид дүрэм журмыг чангатгасан юм.
Тус хотын захиргаанаас иргэдийг Хятадын цагаан сарын баяраар нийслэлээс гарахгүй байхыг уриалсан ба зарим аялал жуулчлалын газруудыг хаажээ. Гэвч энэхүү хатуу хөл хорио, аялал жуулчлалын хязгаарлалт нь орон нутгийн эдийн засагт хүнд тусна гэж шинжээчид анхааруулж байна.
Эх сурвалж: AFP
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.