Их Британи улс Украйнд ойрын тусгалтай, танк эсэргүүцэгч пуужин нийлүүлнэ гэж тус улсын Батлан хамгаалахын сайд Бен Уоллес мэдэгджээ. Энэхүү зэвсгийн эхний багцыг өнгөрөгч даваа гарагт илгээсэн байна.
Түүнчлэн, Их Британийн зүгээс цөөн тооны цэргийн багийг Украйн руу илгээж, сургалт явуулна гэжээ. Бен Уоллесын хэлснээр, Украйны хил дээр байрлаж буй Оросын 100 мянга орчим цэрэг довтолгоо үйлдэж болзошгүй гэж эмээх "зүй ёсны бөгөөд бодит шалтгаан" байгаа аж.
ОХУ 2014 онд Крымд халдсаны дараа Их Британи Украйны тэнгисийн цэргийн флотыг сэргээн босгоход туслахаа амласан бөгөөд 2015 оноос хойш Их Британийн олон арван цэрэг тус улсын зэвсэгт хүчнийг сургах зорилгоор ажиллаж байгаа билээ.
Тэгвэл Оросын "өсөн нэмэгдэж буй түрэмгийллийг" харгалзан, аюулгүй байдлын төлөө нэмэлт тусламж үзүүлэх болсныг ноён Уоллес онцолсон байна.
Тэрээр энэ талаар "Би тодорхой хэлье: энэ дэмжлэг бол ойрын зайн, зөвхөн хамгаалалтын зэвсгийн хүчин чадалд зориулагдсан; эдгээр нь стратегийн зэвсэг биш бөгөөд Орост ямар ч аюул занал учруулахгүй" хэмээн мэдэгдсэн юм.
Их Британид суугаа Украйны Элчин сайд Вадим Пристайко энэхүү зэвсгийн дэмжлэг болон нэмэлт цэрэг илгээх шийдвэрийг сайшаасан ч хамгийн том асуудал нь "НАТО"-гийн гишүүн болж чадаагүйд оршиж байгааг "ВВС" агентлагт ярьсан байна. Пристайко "Бид "НАТО"-д элсэхийг хүссэн... манай улс Европын хамгийн том армитай ганцаараа нүүр тулж байна" гэж хэлжээ.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.