СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-01-17

УИХ: "Оюутолгой" компани ус бохирдуулсны төлбөрөө арван жил төлөөгүй

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

“Оюу толгой төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, говийн бүсийн газрын гүний ус ашиглалтын байгаль орчинд нөлөөлөх байдал болон холбогдох хууль, бусад шийдвэрийн хэрэгжилтийг шалгах, санал дүгнэлт гаргах” үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан боллоо.

Тус түр хороо нь нийт 23 гишүүнтэй бөгөөд ЗГ-т нийт дөрвөн удаа чиглэл өгч, 12 удаа хуралджээ. Түр хороо нь хоёр чуулган дамнан ажиллаж, ийнхүү өнөөдөр сүүлийн хуралдаанаа хийлээ. Өнөөдрийн түр хорооны хуралдаанаар Оюу толгой компани сүүлийн арван жилийн хугацаанд хамгийн үнэтэй газрын гүнийн усыг хангайн бүсийн уснаас ч хямд байхаар тохирсноос гадна ус бохирдуулсны төлбөрийг төлөөгүй арван жил болж байна гэдгийг ажлын хэсгийн ахлагч Ш.Адьшаа мэдэгдлээ.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Оюу толгойн компани байгаль орчны үнэлгээ хийлгэдэггүй. БОАЖЯ-ныхан энэ ус хариуцсан эрх бүхий албан тушаалтнууд энэ асуудалд эх орноосоо уравсан мэт аашилсан. Гурван хуралд яамнаас нэгч хүн ирээгүй хэдэн эрдэмтэд л ирдэг байсан. Үндсэндээ энэ 27 заалтанд 18 удаа ЗГ-аас өгсөн зүйл заалтуудыг удаа дараа хэрэгжүүлээгүй. Байгаль орчны үнэлгээ хийлгээгүй, одоо ч хийгээгүй. Монголын төр байгаль орчны асуудалдаа хариуцлагатай хандах ёстой.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Говийн усыг алттай зүйрлэдэг. Оюу толгой компани 30 цент төлдөг. Олон улсаас 10 дахин доогуур гэсэн судалгаа харж байсан. Энэ жишгийн дагуу усны төлбөрөө авах ёстой. Оюу толгойн гэрээн усны төлбөрийг хатуу тогтоогоогүй байгаа. Энэ тал дээр яаж тусгаж өгсөн вэ?

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Оюу толгой төслийг ашигтай ашиггүйн тухай ярьж байснаас говийн экологийн тэнцвэрийг хадгалах усны асуудлыг үе үеийн засгийн газар орхигдуулсан байсан.Говийн бүсийн усыг 750 төгрөгөөр, хангайн бүсийн усыг 1500 орчим төгрөгөөр үнэлж ихэнх усыг унд ахуйн хэрэгцээний ус гэж төлбөрөөс чөлөөлсөн.Итгэлцүүрийг бууруулсан ийм асуудал байгаа. Засгийн газрын хоёр тогтоол байгаа энэ тогтоолын төслийг өөрчилж, стратегийн орд газруудын тэр дундаа говийн газрын гүний усыг үнэ цэнэтэй болгох цаашид хууль тогтоомжийн хүрээнд явья гэж тогтоолын төсөл боловсруулсан гэж ойлгож байгаа.

БОАЖЯ-ны газрын дарга Ш.Мягмар: Манай улсад усны нөөцийн хүртээмжээс хамаараад 21 сав газарт усны үнийг өөр өөр тогтоодог. Оюу толгойн орчимд нэг шоо метр ус 959 төгрөг байна. Бусад олон улсад 1-7 доллар байдаг нь жишиг үнэ юм. Засгийн газрын 2013 оны 326 тогтоолоор ийм дүнтэй байгаа алсдаа ашиглалтын зориулалтын тооцох хувийг 1.5 хувь болгоход энэ үнийн дүн 1980-3500 болгох боломжтой гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулиар АННБ ашигласан усны хэмжээгээр төлбөрөө төлж байгаа.

Оюу толгой төслийн хувьд энэ төлбөрийг төлөхгүй байгаа. Учир нь 2009 онд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээнээс хойш шинээр бий болсон татвар учраас хөрөнгө оруулалтын гэрээний 6.3т заасны дагуу шинээр бий болсон татварыг төлөх боломжгүй гэж байгаа. Өнөөдөр Оюу толгой төслийн хувьд гүний хоолойн газрын доорх усны эх үүсвэрийг ашигладаг. 2015 онд батлагдсан  усны нөөцийн зөвлөлөөр орсон тайлангаар хоногт 918 литр секунд усыг 25 жилийн хугацаанд ашиглах боломжтой гэсэн судалгааг гаргасан байгаа. Бид хянаж үзэхэд зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтэрсэн тохиолдол байхгүй байна.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Оюу толгойтой харилцах дараагийн том хэлэлцээр бол усны бодлого юм. Ус бол төрийн өмч гэдгээ авч үлдэх ёстой гэдэг байр сууриндаа хэвэндээ байна. Тогтоол гаргаад өнгөрөх юмуу? Түр хороо чиглэл өгөөд өнгөрөх үү. Усны бодлогоо яах вэ энэ дээр хариулт авмаар байна.

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Усны асуудал нь Оюу толгой компанитай харьцах хөзөр гэдэгтэй санал нэг байна. ЗГ-ын Оюу толгойтой хэлэлцээ хийхэд усны асуудлыг мөн оруулж өгсөн байгаа. Усны тухай хууль, байгалын нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байгаа. Энэ хоёр тогтоолд өөрчлөлт оруулж, тодорхой хэлэлцээ хийх ёстой. Байгаль орчны үнэлгээг дахин хийлгэх зорилготой юм.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: Түр хорооны тогтоолыг УИХ-ын тогтоол болгох ёстой гэсэн байр суурьтай байна. Энэ төсөл хэрэгжээд арав гаруй жил болсон мөртлөө ус ашигласны төлбөрөө төлөөгүй гэхээр гайхаж байна. Сангийн яам, татвар яагаад ажлаа хийдэггүй юм бэ. Нийт 27 зүйл заалт хэрэгжээгүй гээд байхын яагаад хэрэгжүүлэхийн төлөө яваагүй юмбэ? Энэ их хэмжээний үйлдвэрлэлийн зориулалттай усыг ашигласан компани төлбөрөө яагаад өгөөгүй юм бэ?

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Р.Адьшаа: Байгаль орчинд нөлөөлөх байдал дээр Оюу толгой компанийн үгээр л ЗГ ард түмэнд мэдээлэл өгч байсан. Бид нүдээр харахад зөрчилтэй асуудал олон байсан Химийн хорт хаягдлыг хадгалах, хамгаалах асуудал дээр 2017 2018 онд мэргэжлийн хяналтын шаардлагыг нэгийг нь биелүүлээгүй байналээ. Таван толгой Гашуунсухайтаас Оюу толгой хүртлэх  15 км замыг арван жил засаагүй байна. Энэ чинь байгаль дэлхийд ямар их хор хөнөөл учруулж байна. Нийтдээ 192 сая шоо метр ус ашигласан байна. Энэ төлбөр хураамжийг ахуйн хэрэглээ гээд төлбөрөөс чөлөөлнө. Хангайн бүсний уснаас ч хямд байгаа энийг засахыг ч хүсэхгүй байх юм. УИХ-ын гишүүдийг ковид гээд оруулахгүй байсан.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.111

Ghhguh

Зочин
2 жилийн өмнө
64.119.19.24

За худлаа нэг л их бүлтэрсэн хүмүүс яаж ч чадахгүй ээ 10 жил хамаг үнэт ашигт малтмалаа өгөөд дээрээс нь чандмань эрдэнэ усаа үнэгүй өгөөд Монголчууд худлаа бүлтэрхээс өөр юм чадахгүй ээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.