Цагаан сарын дараагаас иргэд жилийнхээ засал номыг шинийн 15-ны дотор хийлгэдэг заншилтай. Зарим иргэдийн хувьд жилийнхээ засал номыг хийлгэхгүй байснаар ямар үр дагавартай талаар Манба Дацан хийдийн Билгүүн номч Хамба лам Д.Нацагдорж ийн дурджээ.
-Эрдэнэт хүмүүний төрлийг олно гэдэг гайхамшигтай. Гэсэн хэдий ч нэгэнт гэгээрэлд хүрч бурхны хутгийг олоогүй учраас ертөнцийн олон үйл, үзэгдлүүд хүний амьдралд сайн, муугаар нөлөөлдөг. Нар, сар, 28 од, 1,080 гэг тотгор, 360 ад хорлогч, 0-16 нас хүртэлх хүүхдүүдийг хорлодог 15 ад, мөн жил сар, өдөр, цаг хугацаа бүрт бидэнд муугаар нөлөөлдөг олон хүчин зүйл бий. Тиймээс үүнийг бурхдууд зурхайн зурлага онолын үндсэн дээр засал хийлгэж, өөрсдийгөө хамгаалах, мөн амар амгалантай амьдрах талаар айлдсан байдаг.
Засал хийлгэлгүй байж байгаад аливаа нэгэн хорлогчид хорлогдох юм бол түүнийг дагасан олон сөрөг муу үр дагаврууд гарна.Тухайн хүний амь нас, эрүүл мэнд, эд агуурс, эв түнжин, хийморь лүнда, сүнс сүлдэнд нөлөөлнө.
Осол аваар, хэрүүл тэмцэл гээд олон алдаа гардаг нь цаанаа тодорхой үүсгэгч, өдөөгч байдагтай холбоотой. Тиймээс засал номоо заавал хийлгээрэй. Зарим хүмүүс засал хийлгээгүй ч энэ жил зүгээр л өнгөрчихлөө шүү дээ гэдэг.
Гэтэл засал хийлгээгүй хүнийг хорлогчид их бага хэмжээгээр заавал хорлосон байдаг. Хүчтэй, сул хорлосноос шалтгаалаад, эсвэл тэр хүн буянтай, засал тарниа өөрөө уншчихдагаас болоод мэдэгдэхгүй өнгөрч болно. Гэсэн ч хорлогч нар биед болон сэтгэлд ямар нэг хорлол заавал үүсгэдэг. Тэр нь нэг жилдээ гайгүй өнгөрч болох ч хоёр гурван жилийн дараа юмуу, хэдэн жилд хуримтлагдаж байгаад дараачийн нэг гараг эрхсийн эвгүй үед бодит үр дагавар болж гарч ирдэг. Тиймээс бид засал хийлгэхгүй байх нь сөрөг үр дагаврыг байнга дагуулдаг гэдгийг ойлгож, өөрийгөө болон өрөөл бусдыг бодох хэрэгтэй.
Өөрийгөө сайн аваад явж байгаа хүн бусдад гай тарихгүй. Өөрийгөө авч явж чадахгүй өвдөж зовбол аав ээж, хамаатан саднаас эхлээд олон хүн шаналдаг, эдийн засгийн олон асуудалд ордог. Тиймээс хүнд гай болохгүйн тулд өөрийгөө анхаарч, заслаа сайн хийлгэх хэрэгтэй. Засал номыг үгүйсгэх хэрэггүй. Үгүйсгэлээ гээд бид ялагдана уу гэхээс ялдаггүй. Ийм л жамтай.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.