Коронавирусийн цар тахал дэгдсэнээс хойш дэлхийн хамгийн баян чинээлэг хүмүүсийн хөрөнгө улам нэмэгдсэн хэдий ч илүү олон хүн ядууралд өртсөн гэж "Оксфам" ашгийн бус байгууллага мэдээлжээ.
Тус байгууллагын тайланд, дэлхийн хамгийн ядуу буурай бүсүүдийн иргэдийн орлого багассан нь өдөр бүр 21 мянган хүний үхэлд нөлөөлсөн гэж онцолсон байна. Харин дэлхийн хамгийн баян 10 эрхмийн нийт хөрөнгө 2020 оны 3 дугаар сараас хойш хоёр дахин нэмэгдсэн аж.
"Оксфам"-ын Гүйцэтгэх захирал Дэнни Срискандаражах энэ талаар "Цар тахлын үеэр бараг өдөр бүр шинэ тэрбумтан бий болж байна. Харин дэлхийн хүн амын 99 хувь нь хөл хорио, олон улсын аялал жуулчлал болон худалдаа буурсны улмаас хүнд байдалд ороод байгаа бөгөөд үүний үр дүнд 160 сая хүн ядууралд нэрвэгдсэн. Манай эдийн засгийн тогтолцоонд гүн гүнзгий алдаа байна" хэмээн ярьжээ.
"Форбес" сэтгүүлийн тооцоолсноор, дэлхийн хамгийн баян 10 хүн нь Элон Маск, Жефф Безос, Бернард Арно болон түүний гэр бүл, Билл Гейтс, Ларри Эллисон, Ларри Пэйж, Сергей Брин, Марк Зукерберг, Стив Балмер ба Уоррен Баффет нар юм.
Тэдний нийт хөрөнгө 700 тэрбум ам.доллароос 1.5 их наяд ам.доллар болж өссөн хэдий ч хоорондоо ихээхэн зөрүүтэй байгаа билээ. Жишээлбэл, Элон Маскийн хөрөнгө 1,000 гаруй хувиар өссөн бол Билл Гейтсийнх үүнтэй харьцуулахад ердөө 30 хувиар өссөн байна.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.