"Жем интернэшнл" группийн нэрэмжит, "Улсын харцага цолд хүндэтгэл үзүүлэх" Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан цуцлагдлаа.
15 дахь жилдээ зохион байгуулагдаж тус барилдаан өнөөдөр /2022.1.16/ 12 цагаас эхлэх байсан ч Улсын харцага О.Хангай нарын бөхчүүд сэргээшийн шинжилгээнд бүдэрсэн Улсын даян аварга Н.Батсуурь, Улсын арслан Р.Пүрэвдагва нарыг барилдах болсныг эсэргүүцлээ.
2020 оны Улсын баяр наадамд сэргээшийн шинжилгээнд зөрчил гаргасан улсын аварга Н.Батсуурь, арслан Р.Пүрэвдавга, харцага Б.Бат-Орших нарын асуудлыг хэлэлцэн олонхын саналаар 11 сараар барилдах эрхийг хасах шийдвэрийг гаргасан. Тус шийтгэлийн хугацаа нь дууссан тул дээрх бөхчүүдийг барилдуулахаар бүртгэсэн нь бөхчүүдийн эсэргүүцэлтэй тулгарлаа.
Улсын харцага О.Хангайн тайлбарлаж буйгаар: "Допингийн шинжилгээнд бүдэрч, баяр наадмын комиссоос 11 сараар эрхээ хасуулсан аварга, арслан хоёрыг Монголын Үндэсний Бөхийн Холбоо барилдахыг зөвшөөрч бүртгэжээ. Баяр наадмын комиссоос ямар үндэслэлээр ийм шийдвэр гаргасан юм, бүү мэд. Өмнө нь шинжилгээнд бүдэрсэн бөхчүүд хоёр жилээр эрхээ хасуулж байсан. Одоо зарим нь 4-8 жилээр эрхээ хасуулж байхад харилцан адилгүй шийдвэр гаргасан нь харамсалтай. Үүнийг ард түмэн, бөх сонирхогчид, шударгаар хөдөлмөрлөж байгаа бөхчүүд хүлээн зөвшөөрч байна уу. Би бол хүлээн зөвшөөрөхгүй байна" хэмээн эсэргүүцсэн юм.
Өнөөдрийн барилдаан эхлээд даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын гарьд М.Бадарч, улсын харцага Б.Бат-Өлзий, улсын заан Б.Соронзонболд тэргүүтэй хэсэг бөхчүүд тус бүр нэг давсан ч О.Хангай тэргүүтэй бөхчүүд эсэргүүцэл үзүүлэн дэвжээнээ гарч ирсэнгүй. Бөхчүүдийн эсэргүүцэлтэй тулгарсан Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав бөхчүүдийг барилдаандаа оролцохыг, мөн түүнчлэн даян аварга Н.Батсуурь нар энэ барилдааныг өнжихийг уриалаад нэгийн давааг дахин эхлүүлэхийг гар да нарт чиглэл өгсөн ч барилдаан цааш үргэлжлэх боломжгүй байсаар цуцлагдлаа.
Өнөөдөр болсон үйл явдлыг ТВ9 телевизийн шууд дамжуулалт бүхий бичлэгээс ЭНД дарж үзнэ үү.
Яг 11 сар эрх хасах үед нь шиитгэл багадлаа гэж яагаад тэмцээгүй юм бэ дүү. Чимээгүй байж байснаа хугацаа дуусаад барилдах болоход нь дугарахыг дийлэхгүй байх гэж эмээснийх гэж дүгнэмээр ч юм шиг