Тасганы овоонд баригдаж буй “Богд Зонхова” төслийг санаачлагч, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг “Энэхүү төсөл хэрэгжихэд инженерийн шугам баригдана. Энэ нь утааны асуудлыг бууруулахад хувь нэмрээ оруулна” гэсэн утгатай ярилцлага өгсөн нь олны шүүмжлэлийг дагуулаад байгаа.
Энэ үнэхээр бодитой зүйл үү гэдгийг тодруулах үүднээс үе үеийн эрх баригчид, тэр дундаа Улаанбаатар хотын даргаар ажиллаж байсан эрхмүүдийн яриаг эргэн санацгаая.
Хотын дарга Э.Бат-Үүл 2015 оны гуравдугаар сард “Гандан орчмыг дахин төлөвлөх ажил бол бүтэлгүйтсэн. Тэнд дахин төлөвлөлт явуулах гэтэл иргэд нь дөрвөн бүлэг болж хоорондоо маргалдаж эхэлсэн. Нэгнийх нь саналыг нөгөө гурав нь эсэргүүцэж явсаар зохицож болсонгүй” хэмээн хэлж байв.
Хотын дарга С.Батболд 2016 оны арваннэгдүгээр сард “Гандангийн хөгжилд залуусын оролцоо” нээлттэй хэлэлцүүлгийг ТББ-тай хамтран зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй байна.
Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар 2017 оны дөрөвдүгээр сард “Гандангийн дэнж”-д оршин сууж буй айлуудыг түр суух орон сууцанд оруулаад, тухайн чөлөөлөгдсөн газарт төсөл шалгаруулж, аж ахуйн нэгжүүдийн хэлэлцээр хийж байгаа гэж ярьсан ч мөн л бүтэлгүйтжээ.
Энэ бүгдийг нуршихын учир нь төр засгаас Гандан орчмыг дахин төлөвлөх ажлыг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөдөг боловч, эцсийн дүндээ оршин суугчдын эсэргүүцэлтэй тулан, нуран унадаг байжээ. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг Гандан орчимд хэрэгжүүлэхээр санал авахад хүртэл иргэдийн дийлэнх нь эсэргүүцэж байсан юм.
Учир нь “Гандангийн оршин суугчдын 60 хувь нь хашаа, байшингаа түрээсэлж, амьжиргаагаа залгуулдаг” хэмээн 2019 онд Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга мэдэгдэж байв. Ийм учир Гандангийн дахин төлөвлөлт бодит ажил хэрэг болж чадахгүй өдий хүрчээ.
Ц.Цэрэнпунцаг гишүүний “Богд Зонхова” төсөл ч үүний араас орох нь 100 хувийн магадлалтай байна. Тус төсөлд зориулж, инженерийн шугам сүлжээ тавилаа ч ойр орчмын иргэд нь “автоматаар” эсэргүүцэх учир Улаанбаатар хотын утааны асуудал шийдэгдэх нь үлгэр юм.
Тэгэхээр эцсийн дүндээ Ц.Цэрэнпунцаг гишүүн төслөө хамгаалахын тулд “утааг бууруулахад хувь нэмрээ оруулна” хэмээн хэлсэн болж таарлаа. Энэ нь “Аймгийн төвд арван тэрбумаар Цэнгэлдэх хүрээлэн барьснаар ажлын байр нэмэгдэнэ” гэж татвар төлөгчдийг молигддогтой агаар нэгэн сонсогдож байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Түгжрэл нэмэгдэнэ.
Ламд мянга мөргөөд нэмэр байдаггүйтэй өнгө ижил