СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонирхолтой | 2022-01-16

Д.Балтав: Хийсэн багаж маань хүүгийн минь амийг аварч байлаа

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

“Онцгой” сэтгүүлийнхээ энэ удаагийн дугаарт ахмад ажилтан Д.Балтавыг урьж ярилцлаа.

Тэрбээр Гал түймэртэй тэмцэх газрын харьяа Төв гал команд буюу одоогийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангид жолоочоор ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан юм. Ажиллах хугацаандаа гал түймэр, гамшиг ослын 2460 гаруй удаагийн дуудлагаар ажилласан төдийгүй өөрийн санаачлагаар галын автомашин болон гал унтраах техник тоног төхөөрөмжийг сайжруулах, ашиглалтыг нэмэгдүүлэх талаар оновчтой санал санаачлагыг гарган олон төрлийн шинэ бүтээл хийсний зарим нь өдгөө ч хэрэглэгдсээр байгаа юм.

Ингээд түүнтэй хэрхэн хөөрөлдсөнөө толилуулья.

–Сайхан өвөлижи байна уу, та. Таны Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангид ажиллаж байх хугацаанд галын автомашин болон гал унтраах техник тоног төхөөрөмжийг сайжруулах, ашиглалтыг нэмэгдүүлэх талаар олон үр бүтээлтэй ажлыг санаачлан хийснийг 18 аймаг, 2 хотын хэмжээнд тэргүүн туршлага болгон нэвтрүүлж байсан гэж сонссон юм. Ажиллаж байсан үеийн тэр сайхан дурсамжаар тань яриагаа эхлэх үү?

-Сайхан өвөлжиж байна. Би 1966 онд цэргийн албанд татагдаад, Сэлэнгийн байцаан өнгөрүүлэхэд алба хааж, улирч үлдээд үндсэндээ 12 жил ажилласан юм. Тэгтэл нэг охин маань Улаанбаатарт Улсын циркт нугарах болсноор хотод шилжин ирж, тухайн үеийн Төв гал командад ажилд орсон доо.

Төв гал командад ажилд ороход Отгон гавьяат миний халамжлан хүмүүжүүлэгч, багш болж байлаа. Энэ хүнээр их ч юм заалгасан. Их ч юм сурсан. Ингээд төв гал командад 13 жил ажилласан.

Би чинь сайн аав, ээжийн буянаар хөдөлмөр хийж сурсан учраас ерөөсөө зүгээр сууж чаддаггүй юм. Юмханаар юм хийнэ. Янз бүрийн юм хийх гэж оролдоно. Тэр ч үүднээсээ ажиллах хугацаандаа шинэ санаачлага, тэргүүн туршлага хэд хэдийг гаргаж, 18 аймаг, хоёр хотын галын байгууллагад нэвтрүүлж байсан түүхтэй.

-Тухайлбал ямар ажлуудыг санаачлан хийж байв. Жаахан дэлгэрэнгүй сонирхуулахгүй юу?

-Манай Төв гал команд 14 том хаалгатай. Он удаан жил болчихсон. Онгойхгүй. Онгойхоороо хаагдахгүй болчихсон байсан. Онгойлгохоороо заавал хоёр хүн барьж зогсох хэрэг гарна. Тэгээд би Галын газрын даргадаа надад мөнгө, төсөв өгвөл энэ хаалгануудыг солимоор байна гэсэн санал хэлсэн чинь найман мянган төгрөг шийдвэрлэж өглөө. Тэр мөнгөөр нь материал аваад хаалганууд хийсэн. За яах вэ, дөмөгхөн барилдчихдаг дөрвөн залуу өрөөсөн самбарыг нь өргөөд арваад метр яваад амаръя амаръя гэдэг тийм хүнд хаалганууд болжээ, өнөөх маань.

Галын газрын дарга маань дуудаад “Чиний энийг одоо ямар нугас даах юм бэ, яах гэж ийм хүнд юм хийв” гэж байлаа. Би тэр хаалгаа дээшээ харсан домбон шаариган дээр ууран нугастай, онгойгоод гадагшаа дэгээнд түгжигдчихдэг, хаачихаар дотроосоо өөрөө түгжигддэг болгож хийсэн л дээ. Энэ хаалга маань 30 жил ашиглагдсан.

Тэгээд бас болоогүй ээ, “Энэ Балтав гэдэг нөхөр найман мянган төгрөг аваад хаалга хийнэ гээд талаар нь хаалга хийгээд, тал хагасыг нь идчихсэн байна” гэсэн матаас хэн нь ч юм бэ бичсэнээс болоод намын хорооноос шалгалтын баг явуулсан байсан. Өнөө шалгалтынхан нэг хаалгыг нь задлаад орсон материалыг нь тооцсон чинь найман мянган төгрөг маань бүүр 34 мянган төгрөг болоод хувирчихсан. За ингээд яаж найман мянган төгрөгөөр 34 мянган төгрөгийн хаалга хийсэн юм бэ, хаанаас юу ашигласан юм бэ гээд шалгуулж байлаа.

-Нээрээ та яаж найман мянгаар төгрөгөөр авсан материалаар 34 мянган төгрөгийн хаалга хийсэн юм бэ?

-Би актанд гарсан галын насос, мотопомп, хошуу зэрэг юмнуудыг хоёрдугаар түүхий эдийн газарт аваачиж өгөөд, оронд нь тэндээс материалууд авч хаалгаа хийсэн юм. Тэгээд Галын газрын дарга маань “Сайхан хаалгатай боллоо, сайн хийсэн байна” гээд нэг сарын цалингаар шагнасан.

-Мөн бас нэг галын машин тоноглосон гэж байсан?

-Тийм. Гал сөнөөгч 6 атмосферийн даралттай хошуу барьдаг юм. Түүнээс хүчтэй хошуу барьвал гуядуулна, аюултай. Гэтэл 6 атмосферийн даралтаар галыг шүршихэд түрүүчийн унтраасан нь эргээд асдаг, сүүлийнх нь унтарч байдаг сул талтай. Нэг ёсондоо бүрэн гүйцэд унтраахад учир дутагдалтай гэсэн үг. Мөн галын автомашины жолооч машиныхаа ард гарч ирж, насосоо ажиллуулдаг учир усанд их норно.

Тиймээс цистерн автомашины ёмкос дээр лафетны хошууг байрлуулаад, насосыг кабинд нь байрлуулж, жолооч автомашинаасаа буухгүйгээр удирддаг болгосон. Ингэснээр жолооч маань усанд норохгүй, эрүүл мэндэд нь тустай болсон. Хоёрт, ёмкос дээр 360 градус эргэдэг лафетны хошууг зоож өгснөөр 18 атмосферийн даралттайгаар 50 метр хол ус шүрших боломжтой болсон. Энгийнээр хэлэхэд автомашин дээрээ 50 метр хол шүршиж чаддаг усан буутай болсон гэсэн үг. Хүн хүчний ч орон тоо хэмнэсэн шинэ санаачлага болсон. Шилэн павьлионд долоо хоног тэр машиныг маань сурталчилж байлаа.

-Энэ шинэ бүтээл өөр ангиудын хэрэглээнд нэвтэрсэн үү?

-Энд тэндгүй хийгдсэн. Ашигтай загвар болсон гээд галын ангиуд тэр жишгээр автомашинаа тоноглоод ашиглаж байлаа.  

-Таны тоноглосон анхны автомашин одоо хаана байдаг бол. Та сураг тавьж үзсэн үү?

-Хөдөөгийн галын анги руу л явсан сураг байна билээ. Яг хаана очсоныг нь мэдэж чадаагүй ээ. Үүнээс гадна хураалттай өвс шатахад дотроос нь шүршиж унтраах галын хоолой хийж байлаа. Өвс дотроосоо шатахаараа гаднаас нь хэчнээн ус тавиад ч  гүйцэд унтардаггүй юм. Тэгэхээр нь дөрвөн метрийн урттай турбаг эргэн тойронд нь нүхлээд галын хошуу хийчихсэн. Үүнийгээ галынхаа хоолойд залгаад, хураасан өвсний гол руу шургуулчихаж байгаа юм. Тэгээд даралттай ус тавихаар тал тал тийшээгээ цацарч, өвсний галыг дотроос нь гадагш задалж унтраах зориулалттай.

Мөн галын хоолойг хошуунд холбож боох гэж бөөн хар ажил болдог байлаа. Тэгэхээр нь хаягдал ашиглаад галын хоолой боодог жижиг техник бас хийсэн. Тэр маань одоо ч ашиглагдаж байгаа.

Бас ЗИЛ-130 автомашины мотор, галын насос зэргийг төмрийн хөрөөгөөр хөрөөдөж, хуваагаад, бүх эд ангийг нь ил харагдахаар болгоод, өнгөөр ялгаж будаад, эргэдэг суурин дээр зоогоод гал сөнөөгч, жолооч, техникч нарт хичээл заадаг үзүүлэн хийсэн байсан юм. Тэр харин харагдахаа больсон байна лээ.

Би ер нь л зүгээр сууж чаддаггүй нөхөр байсан юм. Ямар сайндаа ээлжинд гарах болгондоо талбайгаа шүүрдэх тав, арван дэрсэн шүүр хийнэ. Хэн ч намайг үүнийг хий гээгүй. Өөрийнхөө санаачлагаар л хийнэ. Тэгээд 13 жил болоход 5670 гаруй дэрсэн шүүр хийсэн байсан. Би өөрөө тоолж байгаагүй л дээ. Ангийн захирагч маань сүүлд та төчнөөн шүүр хийсэн байна шүү гэж хэлж байсан юм.

-Ийм санаачлагатай хүн тухайн үед хүндэт самбараас буудаггүй л байсан байх, тийм үү?

-Нийгмийн аюулаас хамгаалах яамны ар талд хурандаа нарын эрүүл мэндэд зориулж сэтгэл судлалын цамхаг гэдэг юм хийхээр болоод зургийг нь гаргаж өгснөөр би хаягдал материал ашиглан хийснээр өндөр үнэлгээ авч байлаа. Мөн Засгийн газрын ордонд 1951 онд хийлгэсэн байсан уурын зуухыг эвдэж хэмхлэхгүйгээр салгаж шаардлагатай гэснээр томилогдон ажиллаж,  хоёр сарын хугацаанд задалж байсан юм. За тэгээд Сүхбаатарын танхим, цэргийн байр тохижуулах гээд олон зүйлийг хамт олонтойгоо нийлж хийсэн дээ.

Ингээд Нийгмийн аюулаас хамгаалах яамны хөдөлмөрийн аварга долоон жил боллоо. Социалист уралдаанд удаа дараа түрүүллээ. Хүндэт самбарт ч олон жил хүндлэгдэж гарч байлаа даа.

-Хүмүүсийн ярьдгаар та бол төрөлхийн техник сэтгэлгээтэй хүн байх нь ээ дээ. Ингэхэд ямар сургууль төгсч, ямар боловсрол эзэмшсэн юм бэ?

-Нэгдүгээр ангид бүтэн, хоёрдугаар ангид хагас суусан. Сүүлд залуу малчны сургуульд явсан л хүн. Тэгэхээр би ерөөсөө аав, ээжээс заяахдаа л өөрийн тань хэлдгээр техник сэтгэлгээтэй, аливааг хийх жаахан авьяас, өгөгдөлтэй төрсөн хүн шиг байгаа юм. Бага байхын л элдвийн юм оролддог хүүхэд байсан. Ямар сайндаа буу хийгээд, түүгээрээ гараа буудаж баларч байх вэ дээ.

-Буу хийгээд ээ. Бүүр сумлаад бууддаг буу хийсэн хэрэг үү?

-Тэгэлгүй яах вэ. Манай нутгийн Цагаангэлэн гэдэг хүн эсэргүү хэргээр баригдаад явчихсан, эхнэр нь манайхтай айл байдаг байлаа. Тэдний хүү Гомбожав гээд өндөр сайхан залуу ээжийндээ ирсэн байгаа юм. Тэр хүн буугаа задлаад цэвэрлэж байтал ээж нь үхэр тугал нийлэх нь яваарай гэсэнд намайг тэр задалсан зүйлсээ сайн харж байгаарай гэчихээд явчихгүй юү. Тэр хооронд нь би бууных нь эд ангийг лааны тосоор хэвлэж аваад, явсных нь дараа нөгөө хэвэндээ элдэв төмөр авчирч тааруулж хуурайдаж зүлгүүрдсээр байгаад эд ангиудыг хийгээд авсан хэрэг. Ганцхан бянтыг нь л хийгээгүй байсан. Голдоо бянт гэдэг юм байдгийг нь мэдэхгүй зүгээр нүхтэй төмөр ашиглаад гол төмрийг нь хийчихсэн байсан юм. Гэхдээ тэр буу маань калибрийн сумаар буудна. Зурам энэ тэрхэн буудахад алддаггүй байлаа.

Тэгж байгаад нэг өдөр гэртээ өнөө буугаараа тоглож байгаад гараа буудчихсан. Тэрийгээ томчуудаас нуугаад нэг муу даавуугаар боочихсон нь идээлж, үрэвсээд хэрэг мандаах нь тэр. Аав дагуулаад эмнэлэгт очсон чинь өнөө шархны голд бууны дарь бөөгнөчихсөн байсныг эмч цэвэрлээд, танай хүүхэд гараа буудчихсан байна гэж хэлж. Аав ч манайд буу байхгүй, яахаараа сумны дарь энд байдаг юм болоо гээд асуудал үүсэхгүй юү. Энэ нь даамжираад сумын хэсгийн төлөөлөгчийн чихэнд, цаашлаад аймгийн төлөөлөгчид хүрсэн байгаа юм.

-Тэгээд аймгийн төлөөлөгч ирж асуудлыг шалгав уу. Таныг буу хийсэн гэхэд итгэх юм уу. Та хэдэн настай байсан юм бэ?

-13 орчим л настай байсан юм. Аймгийн төлөөлөгч ирээд аавыг хажууд суулгаад надаас байцаалт авдаг юм. Би ч гүрийгээд бууны тухай хэлэхгүй л байлаа. Тэгсэн нь цаашаа эргээд цүнхнээсээ хоёр чихэр гаргаад ирдэг юм даа. Тэгээд “за миний хүү буугаа аваад ир” гэсэн чинь би “За” гэдэг гэнэ ээ. Ингэж гэнэ алдаад буугаа өгчихсөн түүхтэй. Харваас гар хийцийн буу болохоор яаж хийсэн юм бэ, ингэж хийсэн гэж бүхнээ ярьж өгөөд л асуудал дууссан. Бууг маань хурааж аваад явчихсан. Тухайн үед манай нутгийн, үе тэнгийнхний дунд ийм юм болж гэсэн цуурхал тарчихсан л байсан. Тэр үедээ би оёдлын машин засдаг, түлхүүр цоож янзалчихдаг, угийн тийм саваагүй нөхөр байсан юм.

-Сургууль соёлоор явж, өөрийгөө хөгжүүлсэн бол өдийд алдартай зохион бүтээгч, инженер байх байсан юм биш үү?

-Магадгүй л юм. Ер нь надад олон талын авьяас, мэдрэмж заяасан шиг байгаа юм. Тэрийгээ би л хөгжүүлж, сурч боловсроогүй болохоос биш.

Бууны хэрэг тарьдагаас хэдэн жилийн дараа залуу малчны сургуульд нэг жил сурахаар боллоо. Тэгсэн нь намайг Ингэт толгой гэдэг газар Гэндэнсүрэнгийнх гэдэг айлд төлчнөөр явуулдаг юм байна. Яваад очтол өвгөн “За чи хэдэн хурга үхүүлэх гэж ирэв ээ” гэнэ. Би ч гайхлаа. Юу яриад байгааг чинь ойлгосонгүй л гэлээ. Гэндэнсүрэн гуай ч “Ноднин залуу малчны сургуулиас нэг хүүхэд ирээд 100 хонь төллүүлээд, 5 хурга бойжуулаад, 95-ыг нь үхүүлчихээд явсан юм. Тэгээд чамайг хэдэн хурга үхүүлээр ирэв” гэж асууж байгаа юм гэнэ.

Тэгээд хонио төллүүлээд эхэлсэн чинь яалт ч үгүй 15 хурга  үхүүлчихлээ. Яагаад үхсэнийг нь мэддэггүй, өдрийн бодол шөнийн зүүд боллоо. Гэтэл мярнуусан хонины хурга үсгүй, нүцгэн юм гардаг учраас гаруутаа хатгаа авчихдаг юм байна. Дээрээс нь үс ноос ихтэй учраас хурга нь хөхөө олж хөхөж чадахгүй, унгасыг нь үлгэсээр харангасчихдаг юм байж.

Энэ учрыг олоод хонио хургалах үед дагаж яваад хурга нь цухуйгаад ирүүт хурганы уутаа бөгсөнд нь тулгаж бариад, хургыг нь уутанд тосч аваад, дараа нь эх хурга хоёрыг дулаан пүнзэнд оруулаад эхээр нь долоолгоод, дэлэн хавийнх нь ноосыг хяргаад хургыг нь амлуулдаг болсон. Ингэсээр байгаад 85 хурга бойжуулаад, Булган аймгийн “Дэвшил” сонинд сайн туршлага болоод бичигддэг юм. Ингээд сургуулиа төгсөх үед бусад хүүхдэд малчин гэдэг үнэмлэх өгөөд, надад малын бага эмч, зоо техникийн эрх өгсөн.

-Тэгэхээр та нарт мал эмнэлгийн талын мэргэжлийн хичээл зааж байсан юм уу?

-Зааж байсан юм. Тэгээд төгсөх үед удирдлагууд намайг Дорнодын эсвэл Алтанбулагийн техникумд явуулах уу, эсвэл шууд үнэмлэхийг нь өгөх үү гэж хуралдаад шууд үнэмлэхийг минь өгөхөөр болсон. Сургуулиа төгсч ирснээс хойш энэ мэргэжлээрээ ажиллаж байгаад цэрэгт татагдаад, тэндээ улираад цэргийн хүн болсон доо.

-Өөрийн хүслээр үү, эсвэл таны өнөөх л техник сэтгэлгээ улирахын шалтаг болов уу?

-Тэгж хэлж болно. Цэрэгт очоод малчин цэрэг боллоо. Сэлэнгийн байцаан өнгөрүүлэхэд. Улаан-Үдийн малчид бидэн дээр ирнэ. Тэд нартай дотно болоод, нэгэн цагт цэргээс халагдаж л таараа гээд тэдэндээ дээлийн өнгө, шляпин малгай, хромон гутал захиж авчирууллаа. Тэгээд айлын эвдэрхий оёдлын машин засаад өөртөө шинэ дээл хийгээд, түүнийгээ цэргүүддээ гайхуулах гээд өмсөөд гал зуухаар орсон чинь Цэдэн-Иш генерал ирсэн байсныг мэдэлгүй дээр нь орж явчихдаг юм. Генерал ч “Цэрэг ингээд л оргодог байхгүй юү. Энэ нөхрийг мал дээрээс татаж ав” гэснээр би гарааш, ногоон зоорь, хичээлийн танхимын галч болж хувирсан.

Хуучин цэрэг жолоочтой. Тэгэхээр өнөөх маань намайг машин арч, угаа, тэрийг боо, энийг зас, дугуй нөх гэж зарна. Тэгсээр байгаад машиныг нь бага багаар барьж сурсан. Сүүлдээ жолооч маань залхуураад модондоо явахаа болиод би явдаг боллоо. Сүүлдээ мотор боодог, эд агергатуудыг нь засдаг боллоо. Үүнийг ангийн дарга мэдээд “Энэ авьяастай юм байна. Үүнийг жолооч болгоно” гээд жолооны курст суулгаад, би жолооч болсон. Ангидаа улирч ажиллахаар болсон. Сүүлд хотод шилжиж Төв гал командад ирэхдээ жолоочоор орсон доо.

-Төв гал командад ороод явсан анхны дуудлага тань ямар  дуудлага байсныг санаж байна уу?

-Гэрэл чимэглэлийн үйлдвэрт гал гарлаа гэсэн дуудлага байсан. Галын тэрэгнүүд явчихсан. Би араас нь нэмэгдлээр ус аваад явах болсон. Тэгэнгүүт нь Сүхбаатарын талбайн баруун талаас нь ороод зүүн тал руу гараад цаашаа давхитал араас цагдаагийн машин хангинаад л ирдэг юм байна. Яасан танхай жолооч вэ, талбай хөндлөн гараад давхидаг гээд араас хөөгөөд ирэхэд нь би галын машинд ус өгөөд зогсч байхгүй юү. Тэгсэн өө, галын машин байсан юм уу гээд хөөрхий минь чимээгүй өнгөрсөн/инээв/.

-Та чинь төв талбайгаар хөндлөн давхиж болдоггүй гэдгийг мэддэггүй байсан хэрэг үү?

-Галын тэрэг болохоор хамаагүй л явдаг гэж бодохгүй юу.

-Тийм бол санаанаас гардаггүй дуудлага байна уу?

-Байна аа. Бид Зайсан толгойн тэнд галын сургууль хийж байсан юм. Сургуулиа дуусгаад юмаа цэгцэлж байтал нэг айлын тооноор гал гардаг юм. Ингээд болохоо байлаа гээд бид давхиад очсон, гэр ч цөмөрсөн. Галтай ноцолдож байтал нэг нөхөр боож үхнэ гэж давхиад. Надад тэр нөхрийг хариуцуулж өглөө, тайвшруулаад, хамгаалаад байж бай гээд. Би тэр үед гэрэл холбооны машинтай байсан юм. Тэгсэн нь яасан бэ гэхээр, хөдөө байдаг хүү нь ирээд гэртээ наймын хувин дундуур бензин оруулж ирээд, үүдэндээ тавиад карбиратороо цэвэрлэж байхад нь аав нь орж ирээд халуун гэрт бензин байлгаж болохгүй, аваад гар гээд гаргаж.

Үүнтэй зэрэгцээд айлын эзэгтэй гал дээрээс буцалж байсан тогоотой цайгаа автал “панк” гэж буудаад л гэрээр нэг гал болсон байгаа юм. Халуун гэрт бензин ууршчихсан байхгүй юү. Тэгээд тэнд хичээлээ давтаад сууж байсан аравдугаар ангийн хүүхэд, тэр хойно нь хоорондоо юм яриад сууж байсан хоёр эмэгтэй, цай гал дээрээс авсан ээж тэр чигээрээ шатчихсан байсан. Тэрнээс хойш бензин, шатах тослох материалтай харьцаж байгаа хүмүүст байнга анхааруулдаг юм. Ингэж болдоггүй юм аа. Орон гэртээ бензин битгий ойртуул гээд үүнийг ярьдаг юм. Зарим нь ч үгэнд орно. Зарим нь тоохгүй шинжтэй л байдаг юм.

-Ингэхэд таны энэ олон талын авьяас удмын зүйл үү. Аав, ээжийн тань алиных нь талаас танд өвлөгдсөн юм бол гэж бодож үзэж байв уу. Аав, ээж тань ер нь юу хийдэг хүмүүс байв?

-Малчин хүмүүс байсан. Гэхдээ ээж маань их нямбай, аав маань бас л их олон талын авьяастай, төрөл бүрийн юм хийдэг хүн байсан юм. Малчин болохоосоо өмнө аав наймдугаар Богдын хаалгач буюу бие хамгаалагч байсан юм билээ. Хүрээндээ зодооноор хоёрт ордог хүн байсан гэдэг. Олон талын авьяас чадалтай, чадвартай болоод л богдын бие хамгаалагч хийж байсан болов уу.

Нэг жил би отрын адуунд явж байгаад ирээд унтчихсан хойно аав гутлыг маань тайлаад, оймсыг нь нөхөөд тавьчихсан байсан юм. Тэгээд өмсөөд явсан чинь их сайхан дулаахан, чийг татахаа больчихсон байсан. Тэгж нэлээд явж байгаад үзсэн чинь адууны хөх хомоол үйрүүлээд гутал, оймс хоёрын завсраар хийсэн байсан. Адууны хөх хомоол чинь чийгийг өөртөө татаад авчихдаг юм байна л даа. Эндээс харахад л тал талын мэдлэгтэй хүн  байсан нь мэдэгдэж байгаа биз.

Тэгэхээр аав, ээжээс заяасан өгөгдөл маань ажил, амьдралд маань ач буянаа өгсөөр яваа юм. Хийсэн бүтээсэн зүйл маань хүүгийн минь амийг аварсан түүх ч бий.

-Тэр түүхээ сонирхуулж болох уу?

– Би чинь таван охин, гурван хүүтэй хүн. Засгийн газрын ордны дэргэд онцгой байдлын алба анх байгуулагдахад миний нэг хүү ажилд орсон юм. Баянмөнх гэж залуу бий. Тухайн үед техник хэрэгслийн хангалт одоогийнх шиг сайхан байсангүй шүү дээ. Тэгээд хүүгээсээ танай газарт хэрэгтэй юм юу байна. Аавынх нь хийж өгч чадах юм байна уу гэж асуутал “Бид завиар явж аврах ажиллагаа явуулах юм. Заримдаа завиа  алдчих гээд байх юм” гэхээр завь аргамждаг юм хийж өгье гээд гурван шүдтэй, загасны дэгээ шиг юм хийгээд, найман метрийн урт олсонд уяж өгсөн. Мөн эргэдэж угсраад 4-8 метрийн гүн усанд юу байгааг тэмтэрч үзэх зориулалттай багаж хийж өгч байлаа.

Харин өөрт нь хуйндаа байхаар хутга болчихдог, хуйнаас нь салгахаар төмөр хяргадаг багаж хийж өгсөн нь хүүгийн минь аминд орсон байдаг юм. Дөрөвдүгээр цахилгаан станцын тэнд усны цооног байж. Хоёр хүүхэд чаргаар гулгаж байгаад тэр цооногт орчихсон байгаа юм. Хүү ойрхон байсан юм уу, хамгийн түрүүнд очиж таарсан юм билээ. Тэгээд нэг хүүхдийг нь гаргаад, дахиад нөгөө хүүхдийг нь авах гээд орсон чинь усны доор өргөст төмөр тор байсныг мэдэлгүй очоод орооцолдчихож. Салж чаддаггүй. Гэнэт миний хийж өгсөн өнөө багажийг санаад түүгээрээ төмөр торыг хяргаад амьд гарч ирсэн байдаг юм. Ингэж миний хийсэн багаж хүүгийн минь аминд орсон түүхтэй.

– Та үнэхээр яриад суухад уйдамгүй сонин содон түүх ихтэй юм. Таны урласан гэрийн тухай Отгон багш тань бас ярьж байсан. Их содон гэр гээд…?

-Би Улаанбаатар шилжиж ирээд жижиг дөрвөн ханатай гэрт амьдарч байлаа. Олон хүүхэдтэй болохоор багталцах муутай. Тэгсэн Багшийн дээд сургуулийн дэд эрдэмтэн Гончигдорж гэдэг хүн энэ гэрийг чи л хийж чадна гэсээр надад нэг зураг авчирч өгсөн юм. Миний гарын дүйтэйг мэдсэн сонссон байж л дээ. Тэр зургаар нь би хааш хаашаагаа 12 метр модон гэр Чингэлтэйд байх хашаандаа барьсан юм. Дороо хоёр том цонхтой, дээрээ эргэн тойрондоо 12 цонхтой, тийм гэр. Голдоо их том ширээтэй. Ширээнийхээ доор паар тал тал тийшээ үлээж халаадаг паартай. Энэ гэртээ би олон жил амьдарсан. Сүүлд гандангаас та энэ гэрээ зарчихаач, хандмаа нарын дуган болгоё гэхээр нь өгчихсөн юм. Одоо тэр гэрт маань хандмаа нарын дуган байгаа.

Тэтгэвэртээ гараад, одоо амьдарч байгаа газартаа тэр гэрийнхээ жижигрүүлсэн хувилбарыг бариад амьдарч байна. Манайх Сөгнөгөрийн амралтын доод хөлд бий. Бас Дундговьд нэгийг барьсан. Хоёр жилийн өмнө хэдэн хүн ирж уулзаад, “Таныг америк авч явмаар байна. Та энэ гэрээ тэнд барьж өгөөч” гээд явахаар болоод байтал коронавирусийн халдвар гараад явж чадсангүй. Одоо амьдран суугаа нутаг нугынхандаа чадлаараа тус болоод л амьдарч байна.

Бидний яриа ийнхүү чамгүй урт үргэлжилсэн. Гэхдээ сонины маань зай талбай хязгаартай учир энэ хүрээд өндөрлөе. Ярилцлага өгсөнд эрхэм бууралдаа эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.  

Эх сурвалж: “Онцгой” сэтгүүл

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Gombojav bayrsaihan
2 жилийн өмнө
66.181.161.78

niitlel taalagdsan

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.