Авлигатай тэмцэх газар жил бүр “Шударга байдлын үнэлгээ”-г гаргадаг.
Шударга байдлын үнэлгээ гэдэг нь тухайн байгууллагын гадаад шударга байдлын үнэлгээ, дотоод шударга байдлын үнэлгээ, бодлогод оролцогчдын үнэлгээ, авлигын эсрэг үйл ажиллагаанд үнэлгээнд үндэслэсэн нийт үнэлгээг хэлдэг байна.
Анх 2009 оноос “Авлигын индекс” нэрээр анх төрийн байгууллагын шударга байдлын түвшинг тодорхойлох судалгааг хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулж эхэлсэн. Дараа нь судалгааны аргачлалаа өөрчилж “Шударга байдлын үнэлгээ” гэдгээр 2021 онд тав дахь удаагаа хийжээ.
Судалгааг зохион байгуулахдаа гурван төрлийн төсөөллийн судалгаа авдаг байна. Тухайн төрийн байгууллагаар үйлчлүүлээд гарсан хүнээс асуулга авах бөгөөд үүнийг гадаад шударга байдлын үнэлгээ гэж нэрлэдэг. Мөн тухайн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдаас авах судалгааг дотоод шударга байдлын үнэлгээ гэнэ. Гуравдугаарт, тухайн төрийн байгууллагын талаар судалгаа хийдэг, бодлогын шинжтэй шийдвэр гаргахад оролцдог шинжээчдийн үнэлгээг авдаг байна. Энэ нь бодлогод оролцогчдын үнэлгээ болно. Шинжээчид илүү томоор харж үнэлгээ өгдөг. Үйлчлүүлж байгаа иргэд өөрийнхөө үйлчлүүлсэн үеийн сэтгэгдлээр үнэлгээ өгдөг бол тухайн байгууллагын албан хаагчид ажилтан гэсэн өнцгөөсөө харж үнэлгээ өгдөг байна. Харин бодлогод оролцогчид дээрээс нь, эсвэл хөндлөнгөөс харж, ямар нэгэн ашиг сонирхолгүйгээр үнэлгээ өгдөг. Эдгээр гурван үнэлгээг нийлүүлж дүгнэснээр улсын хэмжээнд бүх төрийн байгууллагын шударга байдлын үнэлгээний жагсаалтыг гаргадаг юм.
Шударга байдлын үнэлгээг 0-100 хүртэлх оноогоор гаргах бөгөөд үнэлгээний утга 100-тай тэнцүү бол хамгийн шударгыг илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл, оноо бага бол авлигын эрсдэл өндөр, шударга байдлын түвшин нь тааруу гэсэн үг.
Шударга байдлын үнэлгээгээр хамгийн бага оноо авсан байгууллагуудад АТГ-аас “Авлигын эрсдэлийн үнэлгээ” хийдэг аж. 2021 оны судалгааны дүнгээр яамдын үнэлгээ 0.4 пунктээр, агентлагуудын үнэлгээ 1.3 пунктээр, Засаг даргын Тамгын газруудын үнэлгээ 1.8 пунктээр тус тус буурсан байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.