Иракийн нийслэл Багдад хотын Ногоон бүсэд орших АНУ-ын Элчин сайдын яам өнгөрөгч пүрэв гарагт хэд хэдэн пуужингийн халдлагад өртжээ. Албаныхан пуужин амдан сөнөөгч систем ашиглан аюулыг устгасан байна.
Элчин сайдын яамны албан ёсны мэдэгдэлд "Террорист бүлэглэлүүд АНУ-ын ЭСЯ-ны байрыг онилсон халдлага үйлдэж, Иракийн аюулгүй байдал, тусгаар тогтнол, олон улсын харилцаанд заналхийллээ. Ийм төрлийн халдлага нь зөвхөн дипломат байгууламжид бус, Иракийн бүрэн эрхт байдалд халдсан явдал гэж бид эртнээс онцолсоор ирсэн" хэмээн тэмдэглэсэн юм.
Дора орчмоос харвасан эдгээр пуужингийн улмаас нэг эмэгтэй болон бага насны хүүхэд шархадсан гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.
Иракийн цэргийн хүчин энэхүү явдлыг "Ногоон бүсийн гэм зэмгүй оршин суугчдын эсрэг хийсэн хулчгар террорист ажиллагаа" хэмээн тодорхойлсон байна. Энэхүү Ногоон бүсэд Иракийн Засгийн газрын оффисууд болон хэд хэдэн Элчин сайдын яамд байрладаг юм.
АНУ-ын цэргүүд Ираны томоохон генерал Касем Солейманиг хөнөөсний ой өнгөрсөн долоо хоногт тохиосноос хойш хэд хэдэн ийм төрлийн халдлага болоод байгаа билээ.
Эх сурвалж: UPI
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.