Францын Засгийн газрын цар тахлын эсрэг арга хэмжээг эсэргүүцсэн багш нар ажил хаялт зарлан, жагссаны улмаас тус улс даяарх олон тооны сургууль хаалгаа барьжээ.
Коронавирусийн "Омикрон" хувилбарын дэгдэлтийн улмаас халдварын тохиолдол хурдацтай өсөж байгаа энэ үед Францын эрх баригчид сургуулиудыг нээлттэй байлгахыг нэн тэргүүний зорилт болгосон билээ. Гэвч сүүлийн үед хэрэгжиж байгаа хязгаарлалт, дүрэм журмууд нь будилаантай бөгөөд байнга өөрчлөгдөж байгааг боловсролын мэргэжилтнүүд шүүмжилж байгаа юм.
Албаныхны мэдээлснээр, өнгөрөгч пүрэв гарагт бага ангийн багш нарын бараг 40 хувь, дунд ангийн багш нарын 24 хувь нь ажилт хаялтад нэгдсэн аж. Харин үйлдвэрчний эвлэлүүдийн тооцоолсноор, бага ангийн багш нарын 75 орчим хувь нь ажилдаа ирээгүй гэнэ.
Франц даяар зарласан ажил хаялтыг багш, эцэг эх, сургуулийн бусад ажилтныг төлөөлсөн 11 үйлдвэрчний эвлэл зохион байгуулжээ. Тус улсын бүх хотод багш нар гудамжинд гаран, эсэргүүцлийн жагсаал хийсэн байна.
Тэд сургуулиудад үүсээд байгаа эмх замбараагүй байдалд Засгийн газар болон Боловсролын сайд Жан-Мишель Бланкер буруутай гэж үзэж байгаа юм.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.