Канадын Кэбэк мужийн эрх баригчид коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамрагдаагүй оршин суугчдад эрүүл мэндийн татвар ногдуулахаар шийдвэрлэжээ.
Тус улсын бүх муж дундаас Кэбэк мужид цар тахлын нас баралтын хамгийн өндөр үзүүлэлт бүртгэгдсэн бөгөөд халдварын тархалт нэмэгдсээр байна. Мужийн нийт оршин суугчийн ердөө 12.8 хувь нь вакцинд хамрагдаагүй хэдий ч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн бараг гуравны нэгийг эзэлж байгаа юм. Харин иргэдийн 85 гаруй хувь нь дор хаяж нэг тун вакцин тариулаад байгаа аж.
Тэгвэл тус мужийн Ерөнхий сайд Франсуа Легаулт вакцинд огт хамрагдаагүй хүмүүст санхүүгийн торгууль ногдуулах болсноо өнгөрөгч мягмар гарагт мэдэгджээ.
Тэрээр "Манай мужийн хүн амын 90 хувь нь тодорхой хэмжээний золиос гаргаад байгаа бөгөөд тэдний төлөө шударга ёсыг тогтоох хэрэгтэй. Вакцины эхний тунгаа тариулаагүй байгаа иргэд "хувь нэмэр" оруулах ёстой бөгөөд татварын хэмжээг хараахан шийдээгүй байгаа" хэмээн тайлбарласан байна.
Кэбэк мужийн олон нийтийн үйлчилгээний газрууд өнгөрсөн долоо хоногоос эхлэн вакцинжуулалтын нотолгоог шаардах болсон бөгөөд өдөр бүрийн 22:00-05:00 цагийн хооронд хөл хорио тогтоогоод байгаа юм.
Одоогийн байдлаар тус мужид цар тахлын улмаас нийт 12,028 хүн нас бараад байна. Мөн уг мужийн хамгийн том хот болох Монреалын эмнэлгүүдийн багтаамж 100 хувьд хүрэхэд дөхөж байгаа бөгөөд коронавирустэй холбоогүй тусламж үйлчилгээг аль хэдийн хязгаарлаад байгаа аж.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.