СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ЖДҮХС-гийн захирал асан О.Мөнгөнцэцэгт холбогдох хэргийг дахиад шалгуулна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

УИХ-ын нэр бүхий гишүүд, салбарын сайд нь эрх мэдлээ урвуулан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гаас өөрсдийн хамаарал бүхий аж ахуйн нэгждээ давуу байдал бий болгон нэн хөнгөлөлттэй зээл авсан дуулианд холбогдож байв. “ЖДҮХС-гийн” гэх хэргээс улбаатай, захирлаар нь ажиллаж байсан хүнд холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нэмэлт ажиллагаа хийлгэхээр хоёр дахь удаагаа буцаалаа.

Тус сангийн захирлаар ажиллаж байсан О.Мөнгөнцэцэгт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг дээрх шүүх өнгөрсөн даваа гарагт хийгээд прокурорын хяналтад буцаахаар шийдвэрлэсэн байна. Түүнийг уг сангийн захирал, Төсөл сонгон шалгаруулах хорооны гишүүнээр ажиллаж байхдаа Хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах түр журмыг зөрчин, хамаарал бүхий хүндээ давуу байдал олгосон гэж буруутгаж буй юм. Тэрбээр 2016 оны арванхоёрдугаар сарын 7-нд болсон Төсөл сонгон шалгаруулах хорооны хуралд биечлэн оролцож хадам дүүгийнхээ нөхрийн эзэмшлийн “Ийстерн агро” ХХК-д 400 сая төгрөгийн зээл олгож, гэрээ байгуулсан үйлдэлд холбогдсон аж. Түүнд НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдээд байв.

ЖДҮХС-гийн захирал асан О.Мөнгөнцэцэгт холбогдох хэргийг шүүхээс буцаасан тохиолдол ганц энэ биш. Өмнө нь “Алтай групп” буюу “Алтай констракшн” компанийн хамааралтай “Блю скай стар”, “Кореасан са”, “Төгс шим”, “Рояал кроун”, “Буйр лейк тур” ХХК тус бүрт хоёр тэрбум, нөхрийнхөө хүргэн дүүгийн “Ийстерн агро” ХХК-д 400 сая төгрөгийн зээл авах боломжийг бүрдүүлж, давуу байдал олгосон гэх хэргийг өнгөрсөн оны тавдугаар сард Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байсан юм. Уг нь эдгээр аж ахуйн нэгжид давуу байдал олгосон үйлдэлд тус сангийн Зээл, төслийн албаны дарга бөгөөд Төсөл сонгон шалгаруулах хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан П.Довчинсамбууг ч буруутган яллах дүгнэлт үйлдэж байжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.