Казахстаны Алматы хотын олон улсын нисэх онгоцны буудал өнөөдөр буюу 1 дүгээр сарын 13-ны өдрөөс хэвийн ажиллаж эхэлнэ гэж тус улсын Аж үйлдвэр, дэд бүтцийн хөгжлийн яамны Иргэний нисэхийн хорооноос мэдэгджээ.
Уг мэдэгдэлд "Алматы хотын олон улсын нисэх онгоцны буудал 2022 оны 1 дүгээр сарын 13-наас дахин ажиллаж эхэлнэ. Нисэх буудлын удирдлагуудаас өгсөн урьдчилсан мэдээллээр, дотоодын болон олон улсын нислэгийг 08:00-21:00 цагийн хооронд үйлдэнэ" хэмээн тэмдэглэсэн байна.
Казахстанд болсон эсэргүүцлийн хөдөлгөөн, эмх замбараагүй байдлын үеэр тус нисэх онгоцны буудалд тодорхой хэмжээний хохирол учирсан хэдий ч техник технологийн хувьд эргэн ашиглалтад ороход бэлэн болсон гэж Аж үйлдвэр, дэд бүтцийн хөгжлийн сайд Каирбек Ускенбаев хэлсэн юм.
Тус улсад үүссэн нөхцөл байдлын улмаас олон мянган хүн гэмтэж бэртсэн бөгөөд амиа алдсан иргэдийн тоо одоог хүртэл тодорхойгүй байна. Казахстаны эрх баригчид энэ сарын 7-н гэхэд бүх бүс нутагт хууль, дэг журмыг эргэн тогтоосон гэж мэдэгдсэн билээ.
Эх сурвалж: TASS
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.