АНУ-д өнгөрөгч даваа гарагт коронавирусийн халдварын 1,350,000 шинэ тохиолдол батлагдсан нь дэлхийн аль ч улс оронд нэг өдрийн дотор бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Үүнээс өмнө, тус улсад энэ сарын 3-ны өдөр нэг сая гаруй тохиолдол илэрч, дээд амжилт тогтоогоод байсан билээ. Тэгвэл "Омикрон" хувилбарын давлагаа улам хүчээ авч байгаагийн улмаас халдварын шинэ тохиолдлын долоо хоногийн дундаж гурав дахин нэмэгдэж, өдөрт 700 мянга гаруйд хүрсэн байна. Түүнчлэн, амралтын өдрүүдээр олон муж мэдээллээ илгээгээгүй тул даваа гарагт ийнхүү их хэмжээний тохиолдол бүртгэгдсэн аж.
Үүнтэй зэрэгцэн, цар тахлаар өвчлөн, эмнэлэгт хэвтсэн өвчтөнүүдийн тоо сүүлийн гурван долоо хоногийн дотор хоёр дахин нэмэгдэж, дээд хэмжээндээ хүрсэн байна. Тодруулбал, өнгөрөгч даваа гаргийн байдлаар нийт 136,604 өвчтөн коронавирусийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байжээ.
"Омикрон" хувилбар хурдацтай тархаж байгаагийн улмаас АНУ-ын эмнэлэг, эрүүл мэндийн төвүүд хэт ачаалалд орсон бөгөөд өвчтөнүүдийн өсөлт, ажилтнуудын хомстолтой тэмцэхийн тулд цар тахалтай холбоогүй зарим үйл ажиллагаагаа түр зогсоогоод байгаа юм. Мөн сургуулиудын багш, ажилтан, автобусны жолооч нар ихээр өвчилж, ажиллах боломжгүй болж байгаагийн улмаас олон тооны сургууль хаалгаа барьсан байна.
Эх сурвалж: Reuters
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.