Үр шилжүүлэн суулгах, үргүйдлийг эмчлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 4-5 эмнэлгийнхэн Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгүүлээгүй эм, тариа, биологийн идэвхт бүтээгдэхүүн борлуулж байсныг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон цагдаагийн байгууллагынхан илрүүлэн 2020 оны нэгдүгээр сараа шалгаж эхэлжээ.
Тухайн үед албаны хүмүүс “RMC, Си эл даблью эйч (CLWH), “Өөжин мед” эмнэлэгт Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, эм, аминдэм, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгч нартаа борлуулж, санхүүгийн баримт бичгийн хуурамчаар үйлддэг, тайвшруулах, нойрсуулах үйлчилгээтэй, Монгол Улсад бүртгэлгүй аминдэмүүдийг хадгалж, худалдаж байсан нь илэрч цагдаагийн байгууллагатай хамтран шалгаж байна” гэсэн мэдээлэл өгч байлаа. Тэдгээр эм, бэлдмэлээ улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, ченжүүдээс худалдаж авдаг байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тухай мэдээлэл бидэнд ирж байсан юм.
Манай зах зээлд эмэгтэй хүний үргүйдлийг эмчлэх үйлчилгээтэй гэх “Прогинова”, “Цетротид” гэх эм, тариаг тэр үед 680-750 мянга хүртэл төгрөгөөр борлуулж байж. Нэр бүхий эмнэлгээс хураасан “Прогинова”, “Прогестрон”, “Диферелин” зэрэг хэд хэдэн төрлийн эм, ампултай тариаг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгээгүй, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд зааснаар улсын бүртгэлд бүртгэгдээгүй, чанарын баталгаажуулалтгүй, хугацаа нь дууссан, эм хангамжийн байгууллагаас бусад эх үүсвэрээс бүтээгдэхүүн худалдан авахыг хориглодог. Гэвч дээрх эмнэлгүүд уг хуулийг зөрчсөн хэмээн хууль хяналтын байгууллагуудад шалгуулж эхэлсэн билээ.
Тэдгээр эмнэлгүүдээс RMC буюу “Реженератив медикал сентр” ХХК-ийн үр шилжүүлэн суулгах эмнэлэгтэй холбоотой хэргийг шалгаж дуусаад шүүхээр шийдвэрлүүлэхээр хандсан аж. Гэвч Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч өнгөрсөн оны аравдугаар сарын 28-нд захирамж гаргаж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ. Уг захирамжийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өнгөрсөн пүрэв гарагт хянаад хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх нь зүйтэй гэж дүгнэн тухайн шүүхэд нь буцааж шилжүүлэхээр болов.
Үр шилжүүлэн суулгах, үргүйдлийг эмчлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг RMC эмнэлгийн үүсгэн байгуулагч нь АШУҮИС-ийн захирал асан Г.Батбаатар байсан ч өдгөө гүйцэтгэх захирлаар нь Э.Одхүү гэх хүн ажиллаж буй юм. Дээрх эмнэлэг болон гүйцэтгэх захиралд нь Эрүүгийн хуулийн 20.14-4 дэх хэсэгт заасан “Эм, эмийн түүхий эд, биобэлдмэл үйлдвэрлэх, импортлох, худалдах, түгээх үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн” гэсэн үндэслэлээр прокурор яллах дүгнэлт үйлдсэн аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хуулиас дээгүүр эмнэлэг гэж юу байдаг юм. Жирэмслэх хүсэдтэй олон мянган эмэгтэйчүүдийн эрүүл мэндээр зөвшөөрөлгүй, гарал үүсэл тодорхойгүй эм өгч маш том эрсдэл үүсгэж байгаад үнэрээр харамсаж байна
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эмийг нь хүнд сурталгүй хурдхан бүртгээд өгчихөж байгаач. Хүнд буян болдог эмнэлэг шүү дээ. Эмч нартаа ажлын өндөр амжилт хүсье. Та бүхэндээ талархаж явдаг шүү
Шат шатны даргацаруудад авилгалыг нь өгөхгүй болохоор эмийг нь бүртгэхгүй, зөвшөөрөл олгохгүй бгаа биз. Олон улсад хэрэглэдэг л эмнүүд бна. Өчнөөн гэр бүлд буян болж бгаа, нийгмийн тулгамдсан асуудалд хувь нэмрээ оруулж бгаа ийм газруудаа дэмжиж туслахын оронд бнга хяхаж хавчиж бх юм. Ингэхээр яаж хөгжих вэ дээ. Улсдаа олигтойхон үргүйдлийн эмнэлэг ч нээж чадахгүй бж хийж бүтээсэн хүмүүсээ ингэж тэнэгтэхээ болимоор юм