Европын Парламентын Ерөнхийлөгч Дэвид Сассоли 65 насандаа таалал төгссөнийг түүний хэвлэлийн төлөөлөгч өнгөрөгч мягмар гарагт мэдэгджээ.
Италийн сэтгүүлч, улс төрч асан Сассолигийн дархлааны тогтолцоонд ноцтой хүндрэл гарсны улмаас тэрээр өнгөрсөн сард Италийн эмнэлэгт хэвтсэн билээ. Харамсалтай нь, сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд түүний биеийн байдал эрс муудаж, бүх албан ёсны үйл ажиллагаагаа цуцлаад байсан юм. Тэгвэл ноён Сассоли мягмар гарагийн үүрээр Авиано дахь эмнэлэгт нас барсан гэж түүний хэвлэлийн төлөөлөгч Роберто Куило мэдээлсэн байна.
Дэвид Сассоли дахин нэр дэвшихгүй гэдгээ аль хэдийн мэдэгдээд байсан тул түүнийг орлох хүнийг сонгох санал хураалтыг энэ сарын сүүлээр зохион байгуулахаар төлөвлөөд байжээ.
Ноён Сассоли 30 жилийн сэтгүүлзүйн карьераа орхиж, 2009 онд 705 суудалтай Европын Парламентын гишүүн болсон бөгөөд 2019 оны 7 дугаар сард Ерөнхийлөгчөөр нь сонгогдсон юм.
Түүний таалал төгссөн явдалд Европын Комиссын дарга Урсула фон дер Лейен эмгэнэл илэрхийлж, "Европ, Италийн үнэ цэнтэй хүн нас барсанд би гүнээ харамсаж байна. Дэвид Сассоли бол хүсэл тэмүүлэлтэй сэтгүүлч, ЕХ-ны Парламентын ер бусын Ерөнхийлөгчөөс гадна юуны түрүүнд хайртай найз минь байсан" хэмээн дурсан бичжээ.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.