АНУ-ын "Pfizer" компани коронавирусийн Омикрон хувилбарт чиглэсэн вакциныг боловсруулсан бөгөөд ирэх 3 дугаар сард олон нийтэд хүрэхэд бэлэн болно гэж тус компанийн Гүйцэтгэх захирал Альберт Бурла мэдэгджээ.
Бурла өнгөрөгч даваа гарагт "CNBC" агентлагт ярилцлага өгөхдөө, олон улсын Засгийн газруудын сонирхлын улмаас энэхүү вакцины тунг аль хэдийн үйлдвэрлэж эхэлсэн гэдгээ тэмдэглэсэн байна. Тэрээр "Вакцин 3 дугаар сард бэлэн болно. Тэр үед бидэнд энэ вакцин хэрэг болох эсэх, эсвэл хэрхэн ашиглахыг одоогоор хэлж мэдэхгүй байна" хэмээн ярьжээ.
Одоо хэрэгжүүлж байгаа вакцины хоёр тарилга ба нэмэлт тунгийн хөтөлбөр нь Омикроны хүнд өвчлөл болоод ноцтой нөлөөллөөс урьдчилан сэргийлж байгаа билээ. Гэхдээ тус шинэ хувилбарт чиглэсэн вакцин нь хурдан хугацаанд тархах чадалтай омгийн халдвараас хамгаалах юм.
Түүнчлэн, "Moderna" компани ч мөн Омикрон болон бусад хувилбарт чиглэсэн нэмэлт тунг боловсруулж байгаа бөгөөд энэ оны намар гаргахаар төлөвлөж байгаа аж.
Эх сурвалж: AFP
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.