АНУ болон ОХУ-ын төлөөлөгчид Женевт уулзан, хэлэлцээр хийх үеэр Орос улс Украйн руу довтлох бодолгүй байгаа гэж тус улсын ГХЯ-ны дэд сайд Сергей Рябков мэдэгджээ.
Долоон цаг үргэлжилсэн уулзалтын дараа хоёр тал хурцадмал байдлыг намжаах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхээр тохиролцсон байна. Гэвч энэхүү яриа хэлэлцээрийн дараа томоохон ахиц дэвшил гарах шинжгүй байгааг шинжээчид онцолж байгаа юм.
Одоогийн байдлаар, Украйны хилийн ойролцоо ОХУ-ын 100 мянга орчим цэрэг байгаа бөгөөд болзошгүй довтолгоонд санаа зовсон Барууны орнууд өндөр сонор сэрэмжтэй байгаа билээ. Хэрэв дайралт болсон тохиолдолд АНУ-ын эрх баригчид Оросын эсрэг хориг арга хэмжээ авна гэж мэдэгдээд байгаа юм.
Тэгвэл Сергей Рябков тус уулзалтын дараа хийсэн мэдэгдэлдээ "Бид Украйн руу довтлохоор төлөвлөгөөгүй гэдгээ АНУ-ын талд тайлбарласан. Оросын цэргийн хүчний байлдааны бэлтгэлээ хангах бүх арга хэмжээг манай улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэж байгаа ба үүнээс болж хурцадмал байдал үүснэ гэж эмээх шалтгаан байхгүй" хэмээн ярьжээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Вэнди Шерман "илэн далангүй" хэлэлцүүлэг хийж чадсанаа онцлон тэмдэглээд, талууд аюулгүй байдлын талаар илүү сайн ойлголцолд хүрэхэд түлхэц болсон гэж хэлсэн байна.
Энэ удаагийн уулзалт нь хоёр улсын дипломатууд Украйны асуудлаар нүүр тулан ярилцсан анхны тохиолдол билээ. Гэсэн хэдий ч хоёр талын хоорондын ялгаа том хэвээр байна. АНУ-ын зүгээс ОХУ-ыг цэргүүдээ татан, нөхцөл байдлыг намжаахыг хүссэн ч Оросын тал баталгаатай хариу өгөөгүй. Харин тус улсын зүгээс Украйныг НАТО-д элсүүлэхгүй байхыг шаардаж байгаа ч АНУ шууд татгалзсан хариу өгсөн юм.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.