БНХАУ-ын Тяньжин хотод цар тахлын халдварын голомт илэрсний дараа хотын 14 сая оршин суугчийг 48 цагийн дотор коронавирусийн шинжилгээнд хамруулахаар ажиллаж байна.
Тус хотод халдварын 20 тохиолдол илрээд байгаагаас хоёр нь "Омикрон" шинэ хувилбар юм. Өргөн хүрээний шинжилгээний үйл ажиллагааны улмаас Тяньжин даяар их хэмжээний дараалал үүсжээ. Мөн оршин суугчдыг шинжилгээ өгөх хүртлээ гэртээ байхыг зөвлөсөн бөгөөд нийтийн тээврээр зорчихын тулд "Сөрөг" хариу авснаа батлах эрүүл мэндийн үнэмлэхтэй байх ёстой аж.
Гэвч энэхүү арга хэмжээ нь хатуу хөл хорионд ороод байгаа Шиань, Южоу хотуудтай харьцуулахад харьцангуй сул хязгаарлалт юм. БНХАУ коронавирусийн тархалтыг бүрэн зогсоох бодлого баримталж, хатуу хязгаарлалт тогтоож байгаа хэдий ч удахгүй болох Хятадын цагаан сараар олон сая хүн төрөлх хот руугаа аялах бөгөөд энэ нь нөхцөл байдлыг хүндрүүлэх төлөвтэй байна.
Дэлхийн улс орнууд вакцинжуулалтын кампанит ажилдаа анхааран, бусад хязгаарлалтаа сулруулаад байгаа бол Хятадын эрх баригчид цөөн тооны халдвар илэрсэн хотыг ч бүхэлд нь хөл хорионд оруулж, оршин суугчдыг нь олон нийтийн шинжилгээнд хамруулж байгаа юм.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.