Өмнөд Солонгосын жүжигчин О Ён Су "Squid Game" цувралд бүтээсэн дүрээрээ "Алтан Бөмбөрцөг" шагнал гардуулах ёслолын Телевизийн шилдэг туслах дүрийн жүжигчнээр тодорчээ.
Кино болон телевизийн уран бүтээлүүдийн шилдгийг шалгаруулдаг тус наадмын 79 дэх удаагийн ёслолын арга хэмжээ орон нутгийн цагаар ням гарагийн үдэш болсон аж. Энэ жилийн наадам нь цар тахал болон Холливудын бойкот арга хэмжээний улмаас үзэгчгүй, мөн телевизийн шууд дамжуулалтгүй болж өнгөрсөн юм.
Энэ үеэр 77 настай О Ён Су "The Morning Show" цувралын Билли Крудуп, Марк Дуплас, "Succession" цувралын Киран Калкин ба "Ted Lasso"-гийн Бретт Голдштейн нарыг ялж, шагналын эзэн болжээ. Тэрээр "Netflix"-ийн "Squid Game" цувралд өндөр настай оролцогч О Ил Намын дүрд тоглон, олон улсын алдар нэрт хүрсэн билээ.
1944 онд төрсөн О Ён Су 1967 оноос театрын тайзнаа жүжиглэж эхэлсэн бөгөөд өнөөг хүртэл 200 гаруй жүжигт тоглосон байна.
Эх сурвалж: Yonhap News Agency
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.