Пакистан улсад урьд өмнө нь бүртгэгдэж байгаагүй их хэмжээний цас орж, хүчтэй цасан шуурга болсны улмаас 22 хүн нас барж, мянга орчим тээврийн хэрэгсэл зам дээр гацжээ.
Тус улсын Мурри хотод хэдхэн цагийн дотор 1.5 метр хүртэлх өндөртэй цас орсны дараа олон мянган хүн энэхүү үзэгдлийг харахаар яаравчлан аялсан байна. Гэвч цасан шуурганы улмаас модод унаж, хотын орох, гарах зам хаагдан, их хэмжээний замын түгжрэл үүссэний учир зарим иргэн тээврийн хэрэгсэлдээ шөнийг өнгөрөөхөөс өөр аргагүй болжээ.
Бүс нутгийн Онцгой байдлын албанаас мэдээлснээр, амь үрэгдэгсдийн дунд 10 хүүхэд байгаа аж. Найман хүн хөлдөж нас барсан бол бусад нь машиндаа дулаацах гэж байгаад утаанд хордсон гэж албаныхан таамаглаж байгаа юм.
Мурри хотод ердөө 5,000 орчим автомашин багтах зай байдаг хэдий ч цасан шуурганы үеэр бараг 100 мянган тээврийн хэрэгслийг тус хот руу зүглэн явахыг зөвшөөрсөн нь энэхүү эмгэнэлт явдалд хүргэсэн гэж эрх баригчид буруушааж байна. Пунжаб мужийн Засгийн газар цаг агаарын аюултай үзэгдлийн сэрэмжлүүлэг болон холбогдох арга хэмжээнд алдаа гарсан эсэхийг шалгана гэж мэдэгджээ.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.