Дэлхий нийтийн цар тахал Коронавируст өвчин-19 (COVID-19)-ийг үүсгэгч амьсгалын цочмог халтай хамшинжийн коронавирус 2 (SARS-CoV-2) халдварын эсрэг Монгол Улс яаралтай хариу арга хэмжээ авснаар 2020 оны 11 дүгээр сар хүртэл дотоодод халдвар бүртгэгдээгүй.
Тэгвэл Монголын эрдэмтэд судалгаа хийсний үр дүнд КОВИД-19-ийн халдвар дотоодод 2020 арваннэгдүгээр сарын 10-наас өмнө тархсан байсныг тогтоосныг олон улсын мэргэжлийн сэтгүүлд хэвлэжээ.
АШУҮИС-ийн Био-анагаахын сургууль, Анагаах ухааны сургууль, Монгол-Японы эмнэлэг зэрэг нэгжийн эрдэмтэд ба ДЭМБ-ын хамтарсан үндэсний хэмжээний SARS-CoV-2-ийн ийлдэс судлалын судалгааны үр дүн 2021 оны 12 дугаар сард олон улсын “Лансет” мэргэжлийн сэтгүүлд хэвлэгдэн гарсан байна.
Судалгаанд 2020 оны 10 дугаар сараас 12 дугаар сарын хугацаанд өрхийн болон аймаг сумын эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлсэн 5,000 иргэнийг насны ангиллаар санамсаргүй түүврийн аргаар сонгон асуумж авч, захын цусны сорьцыг цуглуулан шинжилжээ.
Цусны ийлдэст SARS-CoV-2 вирусийн эсрэг үүссэн нийт эсрэг биеийг шинжилж, эерэг гарсан сорьцыг SARS-CoV-2 IgG хоёр-алхамт оношлуур ашиглан дахин шинжилж баталгаажуулсан байна.
Ийнхүү судалгаанд хамрагдсан 5,000 хүний 72 хүнд нь SARS-CoV-2 IgG эсрэг бие тодорхойлогджээ. Энэхүү эсрэг бие нь SARS-CoV-2 вирусийн халдварын нөлөөгөөр л хүний биед үүсдэг ба тухайн 72 хүн өмнө нь халдварт өртсөн байсныг илэрхийлдэг аж. 72 хүний дийлэнх нь 20-49 насны иргэд байсан ба 30 нь хотод, 42 нь хөдөө орон нутагт амьдардаг хүмүүс байжээ. Шинж тэмдгийн хувьд амтлах мэдрэмж алдах болон нойргүйтэх, салст үрэвсэх зэрэг шинж эдгээр хүмүүсийн дунд түгээмэл илэрч байсан байна.
Судлаачид COVID-19-ийн халдварын түвшин хүн амын дунд маш бага тодорхойлогдсоныг хилийн хязгаарлалт, боловсролын байгууллагуудын үйл ажиллагааны зогсолт, хатуу хөл хорио, халдвар хамгааллын дэглэмийг сайн мөрдөж байсантай холбон тайлбарласан байна.
Хэрэв эдгээр арга хэмжээг аваагүй бол коронавирусийн дотоодын халдвар 2020 оны 11 сараас өмнө бүртгэгдэж, халдварын давалгаанд олон хүн өртөж, дархлаажуулалт эхлээгүй байсан тэр үед илүү аюултай нөхцөл байдал үүсэх боломжтой байсан нь уг судалгаанаас харагдаж байна.
Эх сурвалж: The Lancet, АШУҮИС
Бэлтгэсэн: factcheck.mn