Дэлхий даяар коронавирус дэгдсэнээс хойш Их Британид 150 мянга гаруй хүн цар тахлын халдварын улмаас нас барсан бөгөөд тус улс нь ийм үзүүлэлтэд хүрсэн Европын анхны улс аж.
Харин олон улсын хэмжээнд, АНУ, Бразил, Энэтхэг, ОХУ, Мексик болон Перуд 150 мянга гаруй хүн коронавирусээр өвчлөн, амиа алдсан бөгөөд Их Британи нь энэ тоог давсан долоо дахь орон болж байна.
Тус улсын Засгийн газрын албан ёсны тоо баримтын дагуу, цар тахлын халдвар авснаасаа хойш 28 хоногийн дотор нас барсан иргэдийн тоо нь 150,057-д хүрээд байгаа аж. Гэвч Үндэсний статистикийн албанаас нийтэлсэн тоо баримтаас харахад, нас баралтын гэрчилгээнд нь коронавирусийн тухай дурдсан 174 мянган хүн байгаа юм.
Их Британид сүүлийн долоо хоногт 1,271 хүн нас барсан нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 38 хувиар өссөн үзүүлэлт билээ. Түүнчлэн, өнгөрөгч бямба гарагт Ковид19-ийн 146,390 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт тоо нь 14,333,794-д хүрсэн байна.
Ерөнхий сайд Борис Жонсон дахин хөл хорио тогтоохгүйгээр "Омикрон" халдварын давлагааг давж гарна гэж мэдэгдсэн хэдий ч олон тооны эмнэлэг, эрүүл мэндийн төв хэт ачаалалд дарагдана гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.