Казахстанд өрнөж буй эсэргүүцлийн хөдөлгөөний улмаас багадаа 164 хүн амиа алдаад байгааг орон нутгийн эрүүл мэндийн албаныхан мэдээлжээ.
Түүнчлэн, 6,000 шахам хүнийг баривчилсан бөгөөд тэдний дунд "гадаадын олон тооны иргэн байгаа" гэж тус улсын Ерөнхийлөгчийн тамгын газар өнгөрөгч ням гарагт мэдэгдсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт Орос тэргүүтэй цэргүүд Казахстанд "дэг журам тогтоохоор" ирснээс хойш тус улсын хурцадмал нөхцөл байдал харьцангуй намжаад байгааг эрх баригчид онцолж байгаа юм. Энхийг сахиулагч цэргүүд одоо "цэвэрлэгээ"-ний ажиллагаагаа үргэлжлүүлж, стратегийн чухал ач холбогдол бүхий объектуудыг хамгаалж байгаа гэж Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев мэдэгдэлдээ дурджээ.
Нийслэл Нурсултан хотод хамгаалалтыг чангатгаж, Ерөнхийлөгчийн ордон руу орох замыг хаасан байна. Харин тус улсын хамгийн том хот болох Алматыд 103 жагсагч амиа алдсан аж.
Аюулгүй байдлын хүчнийхэн Алматы хотод эмх замбараагүй байдлыг тогтворжуулахын тулд "үймээн дэгдээгчдийг" устгасан бөгөөд жагсагчид хотын цагдаагийн газруудыг хяналтдаа авах гэж оролдсон хэмээн мэдэгджээ. Мөн Ерөнхийлөгч Токаев "Алматы хотод 20 мянган дээрэмчин халдлага үйлдсэн бөгөөд аюулгүй байдлын албаныханд сануулгагүйгээр гал нээх тушаал өгсөн" гэж тэмдэглэсэн байна.
Тэгвэл АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен энэхүү удирдамжийг шүүмжлэн, "Иргэд рүү гал нээх тушаал бол буруу зүйл бөгөөд нэн даруй цуцлах ёстой" хэмээн мэдэгдсэн юм. Түүнчлэн, АНУ Казахстаны Ерөнхийлөгчөөс ОХУ-ын цэргүүдийн талаар тодруулга авахыг хүсэж байгаа аж.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Tim l ym boldog ym ym daa....hooru uu garuda mili...ba