Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойд зориулан Улсын Их Хурлаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний шувтаргын тоглолт Төрийн ордонд өнөөдөр(2022.01.08) эхэллээ.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойн баярын мэндийг тэмцээнд оролцогчдод уламжлаад, “Арван жилийн өмнө миний бие Монголын шатрын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа тухайн үеийн УИХ-ын даргын ивээл дор Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг санаачлан зохион байгуулж байлаа. Жилээс жилд энэ тэмцээний нэр хүнд өсөж, оролцогчдын хүрээ тэлж байгаад баяртай байдаг. Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагдаад арав дахь жил болжээ. Найман настай балчраас наян настай буурал хүртэл тоглож болдгоороо оюун спорт давуу талтай.” гэв.
Тэрбээр, 1992 онд баталсан ардчилсан, шинэ Үндсэн хууль бол монголчуудын шинэ ирээдүйн замыг тодорхойлсон, ардчилсан засаглалыг тогтоон, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоох эрхэм зорилгыг илэрхийлсэн эрх зүйн эрхэм дээд эх сурвалж. Тиймээс Үндсэн хуулийн 30 жилийн ойг тэмдэглэх талаар Улсын Их Хурлаас тогтоол гаргасан. Ойг тэмдэглэх үйл ажиллагааны гол зорилго нь Үндсэн хуулиа танин мэдэх, тайлбарлан таниулах, иргэд, хүүхэд залууст Үндсэн хуулийн мэдлэг олгохыг илүү чухалчилж байгааг онцлон тэмдэглэсэн юм.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, хамгийн ахмад шатарчин болох Ардчилсан Үндсэн хууль тогтоогч, АИХ-ын депутат, 83 настай буурал Д.Найдан нар тэмцээний нээлтийн өргийг нүүж, тэмцээнийг эхлүүллээ.
Энэ удаагийн тэмцээн сум, дүүргийн хэмжээнд “анхан шат”, аймаг, нийслэлийн хэмжээнд “хагас шигшээ”, улсын хэмжээнд “шигшээ” гэсэн гурван үе шаттай явагдсан. Энэ жилийн анхан шатны тэмцээнд 331 сум, нийслэлийн 9 дүүрэгт 5272 шатарчин оролцлоо. Оролцогчдын тоо өнгөрсөн жилийнхээс 8 хувь өссөн байна. Харин хагас шигшээ тэмцээн 21 аймаг, нийслэлд болж, 645 шатарчин оролцсон байна. Анхан шатны тэмцээнд түүхэн дээд амжилт тогтоож Увс аймагт 509, Баянхонгорт 449, Завханд 408 шатарчин хамрагджээ.
Нийт давхардсан тоогоор улсын хэмжээнд 6037 шатар сонирхогч оролцсон бөгөөд шувтаргын шигшээ тэмцээнд эрэгтэй 80, эмэгтэй 32 шатарчин шалгараад байна.
Монгол Улсын Үндсэн хууль баталсан өдөрт зориулсан энэхүү тэмцээнийг Швейцар системээр 8 өрөг явуулах бөгөөд оролцогчдоос медальт байранд шалгарсан шатарчдад шатрын спортын дэд мастер цолыг гардуулах юм байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.