БНАСАУ өнгөрөгч лхагва гарагт дуунаас хурдан пуужинг амжилттай туршсан гэж орон нутгийн хэвлэлээр мэдээлжээ. Энэ нь тус улсын 2022 онд хийсэн анхны томоохон зэвсгийн туршилт юм.
"KCNA" агентлагийн мэдээлснээр, энэхүү пуужин нь 700 км-ийн зайд орших байг өндөр нарийвчлалтайгаар оносон аж. Мөн уг дуунаас хурдан пуужин нь баллистик пуужингаас илүү удаан хугацаанд радарт илрэхгүй байх чадалтай гэнэ.
Энэ удаагийн туршилтыг Японы эргийн хамгаалалтынхан лхагва гаргийн өглөө илрүүлсэн бөгөөд дараа нь Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамнаас баталгаажуулсан байна.
Умард Солонгос нь өнгөрсөн жил олон төрлийн пуужин туршсан бөгөөд хэдий цар тахлын улмаас эдийн засгийн хямрал, хоол хүнсний хомстол үүсээд байгаа ч ийнхүү зэр зэвсгийн туршилтуудаа үргэлжлүүлж байгаа юм. Тус улсын удирдагч Ким Жон Ун 2022 онд ард иргэдийнхээ хоол хүнс, хувцас, орон сууцны асуудалд анхаарч ажиллана гэж мэдэгдсэн хэдий ч Солонгосын хойг дахь тогтворгүй байдлын улмаас батлан хамгаалах чадавхаа үргэлжлүүлэн бэхжүүлнэ хэмээн онцолсон билээ.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.