Японы мэргэжлийн сумо бөхийн энэ оны эхний башё эхлэх гэж буйтай холбогдуулан энэ цагийн цор ганц Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийн талаар Японы хэвлэлүүдээр мэдээлэл тасралтгүй хөвөрсөөр байна.
Өнгөрөгч 2021 оны зургаан башёд нийт 90 барилдаан хийснээс 77 давж 13 удаа унасан бол өнгөрөгч оны есдүгээр сарын башёгоос нэг ч унаагүйгээр 18 даваа аваад байгаа юм. Мөн тэрээр Ёкүзүна цол хүртсэнээсээ хойш хоёр башё дараалан түрүү хүртээд байгаа бол энэ нь 1962 онд Тайхо аваргаас хойш ёкозүна цолтой анхны хоёр тэмцээндээ дараалан түрүүлсэн анхны сүмоч болсон юм. 2014 онд Хакүхо аваргаас хойш нэг жилийн хугацаанд дөрвөн башёд түрүүлсэн анхны бөх болсон юм.
Сумо бөхийн 73 дахь Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ дээд зиндаанд нийт зургаан удаа түрүүлж, долоон башёд үзүүрлэсэн амжилттай явна. Хүнд бэртэл гэмтлийн дараа төгс эргэн ирэлт хийж бахдам амжилт үзүүлсэн нь "сүмо бөхийн түүхэнд байгаагүй гайхамшиг" юм хэмээн үнэлэгдэх болсон байна.