АНУ-ын "Apple" компанийн зах зээлийн үнэлгээ өнгөрөгч даваа гарагт гурван их наяд ам.долларт хүрч, ийм амжилт гаргасан анхны компани болжээ.
2022 оны арилжааны эхний өдөрт тус компанийн хувьцааны үнэ 182.88 ам.долларт хүрч, дээд амжилт тогтоосон бөгөөд ингэснээр "Apple"-ийн зах зээлийн үнэлгээ гурван их наяд ам.доллароос давсан байна. Үүнээс өмнө, "Apple" компани "Microsoft Corp"-ийн хамт хоёр их наяд ам.долларын зах зээлийн үнэлгээтэй компаниудын тоонд багтаж байсан билээ. Харин "Alphabet", "Amazon.com" болон "Tesla" зэрэг нь одоогоор нэг их наяд ам.доллар гаруйгаар үнэлэгдэж байгаа юм.
Стив Жобс 2007 оны 1 дүгээр сард анхны "iPhone" гар утсаа танилцуулснаас хойш "Apple"-ийн хувьцаа одоог хүртэл 5,800 орчим хувиар өсжээ. Харин шинэ Гүйцэтгэх захирал Тим Күүкийн удирдлага дор тус компани видео стрийминг, дуу хөгжим зэрэг салбараас орлогоо эрс нэмэгдүүлж эхэлсэн юм.
Дэлхий даяар 5G, виртуал бодит байдал, хиймэл оюун ухаан зэрэг технологи өргөн хэрэглээнд нэвтэрснээр хөрөнгө оруулагчид "Apple" болон бусад технологийн томоохон компанид илүү анхаарал хандуулах болсон билээ. "Tesla" дэлхийн хамгийн үнэ цэнтэй автомашин үйлдвэрлэгч болж, Уолл Стрит цахилгаан машинд ихээхэн бооцоо тавиад байгаа энэ үед "Apple" ч мөн ойрын хэдэн жилийн дотор өөрийн автомашинаа гаргана гэж хөрөнгө оруулагчид нь найдаж байна.
Эх сурвалж: Reuters
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.