Израильд "Омикрон" хувилбарын халдвар хурдацтай тархаж байгаагийн улмаас удахгүй коронавирусийн эсрэг сүргийн дархлаанд хүрч магадгүй гэж тус улсын Эрүүл мэндийн ахлах зөвлөх үзэж байна.
Профессор Начманн Эш энэ талаар мэдэгдэхдээ "Цаашид "Омикрон"-ы тохиолдол нэмэгдэх нь зайлшгүй. Сүргийн дархлааны төлөөс бол маш өндөр тооны халдвар бөгөөд энэ нь өндөр магадлалтай болоод байна. Гэхдээ бид үүнд халдварын тоогоор биш, вакцинжуулалтын түвшнээр хүрээсэй гэж би хүсэж байна" хэмээн тэмдэглэсэн юм.
Сүргийн дархлаа нь хүн амын хангалттай хувийг вакцинд хамруулснаар, эсвэл тухайн өвчнөөр өвчилсөн хүмүүст эсрэг бие үүссэнээр нийт хүн ам халдварт өвчний эсрэг хамгаалалттай болох үеийг тодорхойлдог билээ.
Тэгвэл Израиль улсад энэ сарын эцэс гэхэд дөрвөн сая хүн цар тахлын халдвар авч болзошгүйг шинжээчид анхааруулж байгаа юм. Тус улсын өдөр тутмын халдварын тохиолдлын тоо сүүлийн 10 хоногийн дотор дөрөв дахин нэмэгдэж, 3,500 гаруй болоод байгаа аж. Одоогийн байдлаар, нийт есөн сая гаруй израильчуудын гуравны хоёр нь вакцинд бүрэн хамрагдаад байна.
Ерөнхий сайд Нафтали Беннеттийн одоогийн бодлого халдварын өсөлтөөс урьдчилан сэргийлэхгүй гэдгийг тэрээр хүлээн зөвшөөрсөн билээ. Гэвч Беннет коронавирусийн эсрэг вакцины дөрөв дэх тунг 60-аас дээш насны иргэд болон эмнэлгийн ажилтнуудад тарихыг санал болгоод байгаа юм.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.