УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:
- Оюу толгой ХХК-д хувьцаа эзэмшигч болон гуравдагч этгээд нэмэлт зээлийн санхүүжилт авахгүй гэсэн заалт оруулсан байна. Гүний уурхай ашиглалтад ороход аж ахуйн нэгжүүд зээл авахад хаалттай болох нь гэж ойлгож байна. Энэ асуудлыг хэрхэн зохицуулах вэ?
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
-Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу Оюу толгой компанид анхны хөрөнгө оруулалт хийсний дараа үйл ажиллагааны орлогоор санхүүжүүлээд явах ёстой. 2010 оны ТЭЗҮ-гээр 5.1 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийнэ, нийтдээ 11 тэрбум долларын зардал гарна. Засгийн газартай зөвшилцөөд үйл ажиллагааны орлогоороо энэ жил 2000 онтой харьцуулахад 1 тэрбум доллар олж байна. Одоо дансанд нь 600 сая доллар байгаа. Одоо гуравдагч этгээдийн тухай яривал 2051 он болно.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
-Бид өсөн нэмэгдэх рояалтиг авах нь зүйтэй байгаа юм. Хувьцаа нэмж гаргахаар хоёр талын хувьцаа багасгана энэ зүйлээ яаж боловсруулсан бэ? Харьцуулалт байгаа юу?
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
-"Далд уурхайн бүтээн байгуулалт 2023 оноос эхэлнэ. Энэ хүртэл зэсийн үнэ унахгүй. Түүнд санаа зовох хэрэггүй. Цахилгаан машины хэрэглээ өсөж байна, нүүрснээс татгалзаж сэргээгдэх эрчим хүчийг түлхүү ашиглаж байхад зэсийн борлуулалтыг асар өндөр хэмжээнд хүргэж байгаа. Бид олон улсын биржүүдийн судалгаанаас харахад зэсийн үнэ хэвээр байна. Зэс стратегийн бүтэгдэхүүн гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Алт ч бий. Өр нэмэх хэрэггүй"
УИХ-ын гишүүн С.Чинзориг:
-Монголын ногдол ашиг хүртэх хугацаа наашлах уу? Анхны хэлцлээр 2023 оноос хүртэх ёстой гэж байсан. Дубайн гэрээгээр хугацаанд өөрчлөлт орж 2037 он болсон гэсэн. Одоо Дубайн гэрээ хүчингүй болчихлоо. Рио Тинто "Оюу толгой"-н 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын зээлийг 100 хувь тэглэхээр боллоо. Тэгэхээр бидний ногдол ашиг хүртэх хугацаа наашлах уу?
УИХ-ын гишүүн, Ц.Даваасүрэн:
-Ногдол ашиг хойшлуулсан асуудал бол Дубайн гэрээний 4.1 тэрбум ам.долларын зээлтэй холбоотой шүү дээ. 2023 он байсныг 2037 он болгосон. Хэлэлцээрийн явцад 4.1 тэрбум ам.долларын зээлийн өрийг яах вэ гэдгээс л шалтгаална. Манайх ашиглаагүй гэж үзэн аудитын дүгнэлтээр зээлүүдээс тэглэх боломж гарвал ногдол ашиг хүртэх боломж нь наашилна.
Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг эцэслэн баталлаа. Уг төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 74.1 хувь дэмжсэнээр эцэслэн батласан юм.
Тогтоолын төслийг эцэслэн баталсны дараа УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ.
-Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хороог УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээр ахлуулж нийт 23 гишүүний бүрэлдэхүүнтэй ажилласан. Түр хороо байгуулагдсан цагаасаа 11 удаа хуралдсан бөгөөд Засгийн газарт нийт дөрвөн удаа чиглэл өгч ажилласан. Түр хороо “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, Оюу толгой төслийн гаднын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийн нөхцөлүүдийг тохирох, эцэслэсэн хувилбаруудыг Засгийн газрын хуралдаанд танилцуулан амжилттай хамтран ажилласан. Оюу толгой төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэхээр тусгасан. Мөн “Дубайн гэрээ” буюу Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг цуцлах, далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулахаар боллоо. Түүнчлэн гүний уурхай ашиглалтад орж олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт зардлыг хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцаж "Эрдэнэс Оюу Толгой" ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байх, төслийг Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс цахилгаан эрчим хүчээр хангах саналыг тусгажээ. Мөн татварын актын биелэлтийг хангуулахаар тусгасан юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.