Францад өнгөрөгч мягмар гарагт коронавирусийн халдварын 208 мянган шинэ тохиолдол илэрсэн нь цар тахал эхэлснээс хойш тус улс болон Европт бүртгэгдсэн өдөр тутмын тохиолдлын хамгийн өндөр үзүүлэлт юм.
Энэ талаар тус улсын Эрүүл мэндийн сайд Оливье Веран "Энэ нь секунд тутамд хоёр хүнээс халдвар илэрч байгаа гэсэн үг. "Омикрон" хувилбарын тархалт хурдацтай өсөж байгаа нь Францын эмнэлгүүдийн хүчин чадлыг заналхийлж байна" хэмээн тэмдэглэжээ. Түүний хэлснээр, Францын нийт хүн амын 10 гаруй хувь нь коронавирусийн халдвар авсан ба ирэх 1 дүгээр сарын эхээр өдөр тутмын тохиолдлын тоо нь 250 мянгад хүрч магадгүй аж.
Францын Засгийн газраас шөнийн цэнгээний газруудын үйл ажиллагааг гурван долоо хоногоор хаагаад байгаа билээ. Мөн Ерөнхий сайд Жан Кастекс Шинэ жилийн баярын өдрөөр шөнийн цагийн хөл хорио тогтоох тушаал гаргасан байна.
Түүнчлэн тус улсын эрх баригчид ирэх оны эхээр "Вакцин пасс" төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр иргэд ресторан, баар болон бусад олон нийтийн газарт нэвтрэхийн тулд вакцин тариулсан эсэхээ баталгаажуулах шаардлагатай болох юм.
Эх сурвалж: UPI
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.