Бразилын зүүн хойд хэсэгт сүүлийн хэдэн долоо хоногийн турш үргэлжилсэн аадар борооны улмаас гол мөрнүүд хальж, Бахиа мужийн хоёр далан сэтэрчээ. Үүний дараа ойр орчмын хотууд үерт автсан бөгөөд багадаа 20 хүн амиа алджээ.
15 сая орчим оршин суугчтай Бахиа муж үерийн гамшгийн улмаас их хэмжээний хохирол амсаж, 16 мянга гаруй хүн гэр оронгүй болсон байна. Тус мужийн захирагч Руи Коста "Харамсалтай нь бид Бахиагийн түүхэнд тохиосон хамгийн аймшигт гамшгийг туулж байна. Одоогийн байдлаар мужийн нийт 72 хотод онц байдал зарласан" хэмээн мэдэгджээ.
Итабуна хотын иргэд хийлдэг гудас, сэлүүрт завиар аялж, хөршүүддээ хэрэгцээт зүйлсийг нь хүргэж байгаа аж. Аврагчдын баг мөн хангамж зөөж, хохирогчдод эмнэлгийн тусламж үзүүлэхийг хичээж байгаа хэдий ч гүүр, хурдны замууд эвдэрсний улмаас ихээхэн хүндрэлтэй учраад байгаа юм.
Түүнчлэн бүс нутгийн эрх баригчид дахин 10 даланг ажиглан, болзошгүй нэмэлт гамшгаас урьдчилан сэргийлэхээр ажиллаж байгааг мужийн Гал түймэртэй тэмцэх албаны хүн тэмдэглэжээ.
Эх сурвалж: BBC, Al Jazeera
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.