Үндэсний аудитын газраас “Нээлттэй аудит” мэдээллийн портал сайтын үйл ажиллагааг өнөөдөр эхлүүлж, олон нийтэд танилцуулж байна.
Төрийн аудитын байгууллага мэдээллийн ил тод байдлыг ханган ажиллаж, өөрийн www.audit.mn цахим хуудсаараа дамжуулан иргэд, олон нийтэд мэдээ мэдээллээ нээлттэй, ил тод хүргэсээр ирсэн. Тэгвэл өнөөдрөөс эхлэн иргэд, олон нийтэд зориулан шинээр танилцуулж буй “Нээлттэй аудит” www.open.audit.mn портал сайтаас аудитын байгууллагын аудитын тайлангуудыг дэлгэрэнгүй, хураангуй, визуал зэрэг олон төрлийн хувилбараар хүлээн авах, холбогдох бусад мэдээлэлтэй цаг алдалгүй танилцах боломжийг олгож байгаа аж.
Монгол Улсын Их Хурлаас 2020 онд шинэчлэн баталсан Төрийн аудитын тухай хуульд Төрийн аудитын байгууллага нь хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэхдээ ил тод, нээлттэй байдлыг сахин ажиллаж, төрийн байгууллага болон иргэд, олон нийттэй үр нөлөөтэй харилцах, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах зохицуулалтыг тусгасны дагуу тодорхой үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж эхэлсний нэг нь энэхүү нээллтэй портал сайт юм байна.
“Нээлттэй аудит” портал сайтаар дамжуулан нийтийн эрх ашгийг хөндсөн, олон нийтийн анхаарлын төвд буй асуудлаар аудит хийх сэдвийн санал болон Шилэн дансны хуулийн хэрэгжилттэй холбоотой санал хүсэлтээ Төрийн аудитын байгууллагад цахимаар илгээх боломжтой.
Аудитад иргэд, олон нийтийн оролцоог хангаснаар санхүүгийн ил тод байдлыг сайжруулах, төсвийн орлого бүрдүүлэлт, зарцуулалтад тавих хяналтыг нэмэгдүүлж, авлигыг бууруулах, ядуурлыг багасгах зэрэг ач холбогдолтой гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.