Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ой маргааш /2021.12.29/ тохионо.
Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг 1911 оны 12 сарын 29-нд эцэс болгон монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарлаж, VIII Богдыг Монгол Улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаанд өргөмжилсөн. Түүнд төрийн тамга, далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий Засгийн газар байгуулах түүхэн шийдвэр гарган, тусгаар тогтносон Богд хаант Монгол Улсыг байгуулсан юм.
Шинэ байгуулсан 5 яамны тэргүүн зэрэгт Дотоод хэргийг Бүгд захиран шийтгэх яамны сайдаар Да лам Цэрэнчимэд, Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамны сайдаар Чин ван Ханддорж, Сангийн хамаг хэргийг бүгд захирах яамны сайдаар Түшээт ван Чагдаржав, Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яамны сайдаар Далай ван Гомбосүрэн, Шүүх яамны сайдаар Эрдэнэ ван Намсрай ван нарыг тохоон томилжээ.
Монголчуудын сэргэн мандлын эхийг тавьсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь төрт ёсны эртний уламжлалтай Монголын ард түмний шинэ цагийн түүхийн онцгой хуудас, хойч үе нь бахархан дурсах түүхт үйл явдал мөн юм.
Улсын Их хурлаас 2007 оны 8 сарын 16-ны өдөр "Бүх нийтээр тэмдэглэх өдрүүд"-ийг хуульчлахдаа жил бүрийн 12 дугаар сарын 29-ний өдрийг "Нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр" болгосон. Улмаар 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар "Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр" хэмээн тунхаглаж бүх нийтээр амрах баярын өдөрт багтаажээ.
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх улс, аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн барилдаан маргааш /2021.12.29/ 14.00 цагт эхэлнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.