Гадаадаас ирж байгаа иргэдийг гурав хоног тусгаарлах шийдвэрийн хэрэгжилт, хяналттай холбогдуулан УОК-оос мэдээлэл өгч байна.
УОК-ын НБД Т.Баярхүү:
-Тусгаарлалтын явцад процессын алдаа гарсан байна. Алдаа гарсныг хүлээн зөвшөөрч байна. Алдааг залруулахаар ажиллаж байна. Тодорхой албан тушаалтнуудад хариуцлага тооцно. Иргэдээс уучлалт хүсэж байна.
УОК-оос гаргасан шаардлагыг хангасан, мөн өөрсдийн сайн дураар иргэдийг хүлээн авч тусгаарлаж байгаа 19 зочид буудал байгаа. Одоогоор 730 иргэн тусгаарлалтад байна.
Монгол улсад одоогоор омикрон хувилбар бүртгэгдээгүй. Өнгөрсөн хугацаанд ковидын 300 тохиолдол зөөвөрлөгдөн ирсэн. Шинжилгээ хийгдэж байгаа.
УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн О.Батбаяр:
-Монгол улсад одоогоор омикроны тохиолдол бүртгэгдээгүй байгаа. Зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдлуудыг илрүүлж, уг хүмүүс одоогоор тусгаарлалтад байгаа. Шинжилгээ хийгдэж байна. Франц, Итали зэрэг улсад нэг өдөрт 100 мянган тохиолдол бүртгэгдэж байна. Дельта хувилбар нь илүү хүндээр өвдүүлдэг ч омикрон нь 2-3 дахин хурдан тархах эрсдэлтэй байгаа.
Хил дээр хязгаарлалт тавихгүй бол манайд сарын дараа 10 мянган тохиолдол бүртгэх магадлалтай. 10 мянган тохиолдлын 70 хувь нь хөнгөн, 30 хувь нь хүнд байлаа гэж бодоход манайд өдөрт 3,000 хүнийг хэвтүүлэн эмчлэх боломж байхгүй шүү дээ.