Цельсийн 40 хэмийн хүйтэнд ч тэсвэртэй монгол ноолуур хэзээд үнэ цэнээ алдалгүй улам бүр шинэлэг, загварлаг, чанартай болж байгааг бид дотоодын үйлдвэрлэгч олон компанийн жишээнээс харж болно. Дэлхийд алдартай “Vogue” загварын сэтгүүлд монгол ноолуурын тухай нийтэлжээ.
Жижи Хадид бол дэлхийн хэмжээний нэр хүндтэй, олон сая шүтэн бишрэгчтэй чадварлаг загвар өмсөгч. Түүний хамгийн их өмсөх дуртай хувцасны тоонд монгол ноолуур ордог гэж “Vogue” сэтгүүлд бичжээ.
Жижи Хадидын өмсөх дуртай ноолуурыг “Мандхай” брэнд үйлдвэрлэдэг байна. Брэндийг Жаргалсайханы Мандхай гэгч чадварлаг залуу бүсгүй удирдан авч яваа бөгөөд дэлхийн хамгийн шилдэг ноолууран бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэх нь түүний зорилго.
Дэлхийн алдартай загвар өмсөгч түүний хувцсыг өмссөн байхыг хараад ихэнх хүмүүс бусдын адил загвар өмсөгчид мөнгө төлсөн гэж боддог байна. Гэхдээ тийм биш. Жижи Хадидад огт мөнгө төлөөгүйн дээр, тэр үүнийг өмсөх дуртай байдаг гэнэ.
Мандхай ярихдаа “ээж аав хоёр 25 жилийн өмнө анх ноолууран хувцасны дэлгүүр үйлдвэртэй нь хамт нээж байсан. Намайг хүүхэд байхад Холливүдын жүжигчин Ричард Гийр, Жулиа Робертс нар манай үйлдвэртэй танилцаж байсныг санадаг” гэжээ.
Мандхайгийн аав яг үнэндээ Жижи Хадид гэж хэн болохыг огт мэддэггүй байна. Гэхдээ Хадид "Мандхай" брэндийн ноолууран хувцсыг нь өмсөх бүрт борлуулалт нь эрс нэмэгддэг гэж 30 настай чадварлаг бүсгүй “Vogue” сэтгүүлд ярьжээ. Мандхай 20 настайдаа загвар зохион бүтээгчээр суралцахаар Лондонд ирсэн юм. Одоо тэр гайхалтай загвар зохион бүтээгч төдийгүй чадварлаг бизнес эрхлэгч болжээ.
Эх сурвалж: www.vogue.co.uk