Их Британид өнгөрөгч лхагва гарагт коронавирусийн халдварын 106,122 шинэ тохиолдол бүртгэгдэж, цар тахал эхэлснээс хойш өдөр тутмын халдварын тоо нь анх удаа 100 мянга давжээ.
Түүнчлэн өнгөрөгч лхагва гарагт нийт 140 хүн цар тахлаар нас барсан аж. Тус улсад "Омикрон" шинэ хувилбараар өвчлөн, нас барсан хүний тоо 18 болж өссөнийг эрүүл мэндийн албаныхан мэдээлсэн юм.
Их Британийн эрүүл мэндийн ажилтнууд энэ долоо хоногийн мягмар гарагт коронавирусийн эсрэг вакцины 968,665 нэмэлт тунг иргэдэд тарьсан нь мөн дээд амжилт тогтоожээ. Зөвхөн өнгөрсөн долоо хоногийн дотор тус улсын 6.1 сая иргэн гурав дахь тундаа хамрагдсан аж. Засгийн газрын вакцины зөвлөхүүд 5-11 насны эмзэг бүлгийн хүүхдүүдэд бага тунтай вакцин тарихыг зөвлөж байгаагаас гадна 11-ээс дээш насны зарим хүүхдийг вакцины нэмэлт тунд хамруулахыг уриалж байгаа юм.
Ерөнхий сайд Борис Жонсон Зул сарын баярын өмнө шинэ хязгаарлалт тогтоохгүй гэж мэдэгдсэн хэдий ч "Омикрон" хувилбар хурдацтай тархаж байгаатай холбогдуулан ойрын хугацаанд шинэ арга хэмжээ авч магадгүй гэж онцолжээ.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.